Тайванийг Ардчиллын чуулга уулзалтад урьсан нь АНУ, Хятадын хооронд сөргөлдөөнийг хурцатгах нөхцөл байдал үүсгэв. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас ирэх арванхоёрдугаар сард болох Ардчиллын чуулга уулзалтад уригдсан 110 нэрсийг зарлахад Тайвань дурдагджээ. Ардчилсан орнуудын төр, засгийн тэргүүнүүд, иргэний нийгмийн удирдлагууд ирэх сард хоёр удаа цуглаж, дэлхийн ардчиллын үйл явцад тулгарч буй сорилт, шийдэх арга замуудыг хэлэлцэх юм. Харин чуулганд уригдсан хүндэт зочдын дунд Тайванийн нэр дурдагдсан нь Хятадын бухимдлыг төрүүлжээ. Ардчилсан захиргаатай Тайванийн арлыг Бээжин нь Хятадын салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд эх газартай буцаан нэгтгэхийн тулд хүч хэрэглэхээс буцахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Цагаан ордноос мэдээлснээр Ардчиллын чуулга уулзалт ирэх арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр болох бөгөөд авторитар дэглэмээс хамгаалах, авлигатай тэмцэх, хүний эрхийг дээдлэхийг дэмжих зорилготой. Тус чуулганд Ази-Номхон далайн бүс нутгаас Япон, Өмнөд Солонгос, Австрали, Пакистан, Энэтхэг, Филиппин, Европын олонх орон уригдсан ч Унгар, Босни ба Херцеговина улсууд оролцохгүй аж. Уг чуулган нь ерөнхийдөө ОХУ, Хятад зэрэг авторитар дэглэмийн эсрэг чиглэгдсэн учраас Бээжингийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулдаг. Гэтэл уг чуулганд Тайванийг урьсанд Жо Байденг "алдаа гаргалаа" гэж Хятадын талаас буруутгажээ.
Харин Тайванийн ерөнхийлөн захирагчийн тамгын газрын төлөөлөгч чуулганы урилгыг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлжээ. “Тайвань нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг чөлөөт орнуудтай идэвхтэй хамтран ажиллана” гэж тамгын газрын төлөөлөгч Хавиер Чан мэдэгдэлд дурдсан байна.
Жо Байден өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хятадын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр хоёр их гүрний удирдагч нарын хэлэлцсэн маргаантай асуудлын нэг нь Тайванийн тусгаар тогтнол байв. Хятадын дарга хэлэхдээ Тайванийн удирдлагууд удаа дараа АНУ-ыг ашиглан тусгаар тогтнох аргыг сүвэгчилж байгаа бол Вашингтон арлаар дамжуулан Бээжинг тогтоон барихаар оролдож байна гэжээ. Уг цахим уулзалтын дараа АНУ-ын төрийн департментаас албан ёсны мэдэгдэл хийхдээ, ерөнхийлөгч Жо Байден Тайванийн одоо байгаа статусыг өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн тухай онцолсон.
Харин Хятадын талаас гаргасан мэдэгдэлд, Тайванийн асуудалд Бээжингийн татсан “улаан зураас”-ыг давах эсвэл сорьсон ямар ч оролдлогод ноцтой хариу арга хэмжээ авахаа анхааруулсан юм. Хамгийн гол нь АНУ, Хятад нь харилцан нэгнээ хүндэтгэн, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалсан нь уулзалтын гол үр дүн байв.
Харин Тайванийг ардчиллын чуулганд урьсан Байдены зорилго нь Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын дараа АНУ-ын баримтлах бодлогын хэм хэмжээг тогтооход чиглэсэн гэж Бээжин дэх Ренминь их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Еньхун дүгнэжээ. Тэрбээр “Байдены захиргаа Тайванийн асуудалд тогтвортой бодлого баримталж, арлын аюулгүй байдал, дипломат харилцаа, үзэл суртлыг бүрэн дэмжиж буйгаа энэ урилгаараа илэрхийлж байна. Мөн энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын цахим уулзалт Тайванийн асуудалд ямар ач холбогдолгүй байсныг харууллаа. Жо Байден, Ши Жиньпин нар уулзсан, уулзаагүй сөргөлдөөн улам гүнзгийрч байна” гэж тайлбарлажээ.
Сүүлийн хэдэн сар Тайванийн аралд үзүүлэх Хятадын дарамт улам нэмэгдэх болсон. Тухайлбал, Бээжин нь өнгөрсөн аравдугаар сард Тайванийн агаарын таних зурвас руу 200 гаруй байлдааны онгоцоор нэвтэрч, арлын удирдлагуудад сануулга өгсөн юм. Мөн Тайванийн ерөнхий сайд, парламентын дарга, гадаад хэргийн сайд нарыг зөрчил үүсгэсэнд буруутган “хар жагсаалтад” оруулснаа Бээжин зарласан юм. Үүгээр ч зогсохгүй Тайванийн аж үйлдвэрийн группын Хятад дахь салбарыг улс төрийн хандив өгсөн хэргээр торгуулийн арга хэмжээ авсан. Хятадын албаныхан Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид эх газраас ашиг олох ёсгүй гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ