Германы канцлер Ангела Меркелийн нөхөр вакцин хийлгээгүй германчуудыг "залхуу" гэж буруутгажээ. Тэрбээр Германд халдварын тоо эрс нэмэгдэж буйтай тэмцэхийн тулд заавал цар тахлын эсрэг дархлаажуулалтад орох шаардлагатай гэж уриалсан байна.
Германы цар тахлын халдвар дахин сэргэж байгаа нь Франц, Итали, Испани зэрэг Баруун Европын орнуудтай харьцуулахад вакцинжуулалт харьцангуй бага байгаатай холбоотой аж. Тус улсын хүн амын дөнгөж 68 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна.
Меркелийн нөхөр Йоахим Зауэр Италийн “La Repubblica” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүн амын гуравны нэг нь шинжлэх ухааны дүгнэлтэд итгэдэггүй нь үнэхээр гайхам. Нөгөө бүлэг нь вакцинжуулалтын дарангуйлал гэж үзэж буй үзэл суртлын хариу үйлдэл болох хувийн итгэл үнэмшлийг дагадаг хүмүүсийн дунд эрдэмтэд хүртэл байна” гэж дурджээ. "Энэ нь зарим талаараа германчуудын залхуу, тайвшралтай холбоотой" гэж шүүмжилсэн аж.
Йоахим Зауэр тэр бүр олон нийтийн өмнө ярьдаггүй нэгэн. Тэрбээр эхнэрийнхээ нэгэн адил тэрбээр квантын химич юм.
Германы канцлер Ангела Меркелийг ирэх сард тус улсын сангийн сайд Олаф Шольц залгамжилна. Одоогоор Меркель үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй юм.
Үүний зэрэгцээ вакцинжуулалт удааширч, эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсонд Герман улс хөрш Австрийн жишээг дагаж, хөл хорио тогтоох ёстой гэх байр суурь ширүүн маргаан үүсгэжээ. Хэдийгээр Меркелийн холбооны засгийн газар хөл хорио тавихгүй байхыг эрмэлзэж байгаа ч сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн зарим мужуудад хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн аж.
Герман улс өнгөрсөн долоо хоногт зарим хязгаарлалтыг тогтоосон. Үүнд, хүмүүсийг нийтийн тээврээр зорчих эсвэл ажилчид вакцинд хамрагдсан, эдгэрсэн эсвэл саяхан вирусийн эсрэг шинжилгээ өгсөн гэдгээ нотлохыг шаардаж эхэлжээ. Мөн тус улсын 16 мужийн зарим нь зул сарын баярын зах зэрэг томоохон арга хэмжээг цуцалж, вакцин хийлгээгүй хүмүүсийг баар, биеийн тамирын заал, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжид оруулахыг хориглосон.
SOURCE: NEWS.YAHOO.COM
Т.ИСҮ