Нийтийн тээврийн хүртээмж, хүрэлцээ нийслэлчүүдийн нэг тулгамдсан асуудал байсаар ирсэн. Өглөө, орой буюу ажил орох, тарах цагт нийтийн тээврийн олдоц муу, иргэд багагүй хугацаагаар автобус унаа хүлээдэг. Өвлийн улиралд удаан хугацаагаар автобус хүлээснээр иргэд даарч хөрөх, үүнээс болоод ханиад томуу тусах нь бий.
Иймээс Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас нийтийн тээврийн хүртээмж, хүрэлцээг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн 97 чиглэлд 1000 орчин автобус олон нийтэд үйлчилж байна. Өглөө болон оройн цагаар нийтийн тээврийн хүртээмжийн асуудал иргэдийг бухимдуулж, стрессдүүлж байгаа нь үнэн. Нөгөө талаасаа нийтийн тээврийн хүртээмжид автозамын түгжрэл нөлөөлж байна. Уртгасан цагаар хотын дөрвөн чиглэлд автобус шөнийн 12 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг. Хамгийн их ачаалалтай байдаг Сүхбаатарын талбайн урдах, “Цэцэг төв”, МУБИС, “Мөнгөн завъяа” болон 120 мянгатын автобусны буудлын ачааллыг бууруулах үүднээс дундаас нь автобус явуулж байна.
Нийтийн тээвэр хоорондын зайг 5-8 минутаар төлөвлөн, тухайн чиглэлд нь гаргадаг. Гэсэн хэдий ч авто замын түгжрэлээс болж хугацаа хойшлох, удаашрах мөн иргэд 20-30 минут автобус хүлээхэд хүрдэг. Мөн авто замд үүссэн осол аваарын улмаас түгжрэл бий болж, эргээд автобусны хөдөлгөөнийг удаашруулдаг.
2021 оны долдугаар сард байгальд ээлтэй эко 36 автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Дахиад шинээр 60 автобус худалдан авах гэрээг хийсэн. Мөн 10 ширхэг хоёр давхар автобус орж ирнэ. Удахгүй орж ирж, иргэдэд үйлчилж эхлэх байх.
УОК-оос цар тахлын үед буюу хатуу хөл хорионы улмаас нийтийн тээвэрт зай барих шаардлагыг тавьж байсан. Харин аж ахуйн бүх үйл ажиллагааг нээснээр өдөрт 480 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Иймд тухайн шаардлага биелэгдэх боломжгүйг холбогдох хүмүүст нь хэлсэн байгаа. Хүн хоорондын зайг 1-1,5 метр гэвэл нэг автобусанд ердөө 15-20 хүн суулгах боломжтой. Тийм боломж байхгүй. Хэрэвзээ автобусанд хүн хоорондын зайг бариулъя гэвэл дахин 2000 автобус шаардлатай” гэлээ.
Нийслэлийн 2022 оны төсвийг ид хэлэлцэж байгаа. Төсөвт 200 автобус авах санал тусгажээ. Тэрчлэн 2021 онд ашиглалтын хугацаа дуусах 532 автобус байгаа аж. Гэхдээ тэдгээр автобусны ашиглалтын хугацааг нэг жилээр сунгасан байна. Ашиглалтын хугацаа нь дуусч буй 532 автобусны 260 нь Зорчигч тээврийн нэгтгэлийнх юм байна.
Г.Энхжаргал