Өмнөд Солонгосын к-поп салбарын өрсөлдөөн ширүүн учир ихэнхи дуучид саятан болох битгий хэл өрөнд ордог. Гэтэл зарим нь асар богино хугацаанд баяжиж, алдар нэрийг олж авдаг. Тиймээс энэ удаад к-попын салбарын хамгийн баян долоон бүсгүйг танилцуулж байна.
- Лиза
Энэхүү жагсаалтын хамгийн залуу саятан нь "Blackpink" хамтлагийн Лиза. Өмнөд Солонгос болон Тайландад түүнийг танихгүй хүн бараг үгүй. Өдгөө 24 настай түүний хувьд "Prada", "Adidas" зэрэг томоохон брэндийн элч төлөөлөгч бөгөөд түүний сүүлд гаргасан соло уран бүтээл "LALISA" тэсрэлт хийсэн. Түүний одоогийн нийт хөрөнгө 15 сая ам.доллар.
- BoA
К-попын хатан гэгддэг "BoA" 2003 оноос хойш уран бүтээл туурвиж, 20 гаруй цомог гаргаад байна. Тэрбээр өөрийн цомог, уран бүтээлээ Японы зах зээл рүү гаргадаг гэнэ. Холливудын “Мake your move” уран сайхны кинонд тоглож байсан түүний нийт хөрөнгө 25 сая ам.доллар.
- Сюзи
“Miss A” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр өдгөө Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг болжээ. Тэрбээр “Start-Up”, “While You Were Sleeping” зэрэг к-драмуудын гол дүрд тоглосноос гадна дэлхийн алдарт "Reebok", "Swarovski" тэргүүтэй брэндтэй хамтран ажилладаг. Сюзигийн нийт хөрөнгө 2021 оны байдлаар 25 сая ам.доллар.
- Юна
Охидын “Girls’ Generation” хамтлагийн гишүүн тэрбээр өдгөө кино урлагийн салбарт хүч үзэж буй. Анх 2007 онд кино, хөгжмийн салбарт хөл тавьж байсан Юна өдгөө 200 гаруй реклам, дэлгэцийн бүтээл, клипэнд тогложээ. 40 гаруй брэндтэй хамтран ажилладаг түүнийг арилжааны киноны хатан гэх нь ч бий. Түүний нийт хөрөнгө 25 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
- Сандара Пак
Дэлхий нийтэд к-поп хөгжмийн урсгалыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “2NE1” хамтлаг 2016 онд тарсан ч Сандара Пак соло уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж байгаа. Тэрбээр сайн дуучнаас гадна чадварлаг жүжигчин гэдгээ харуулж, “Cheese in the Trap”, “Bcuz of You” зэрэг к-драмуудын гол дүрд тоглосон. Өмнөд Солонгосоос гадна Филиппинд алдартай Сандара Пакийн хувьд "CLIO", "Etude House", "Nikon" тэргүүтэй брэндийн нүүр царай. Түүний одоогийн хөрөнгө 30 сая ам.доллар.
- Ли Хёри
Анх "Fin.K.L" хамтлагаас тодорч байсан Ли Хёри 2006 онд к-попын хамгийн өндөр ашиг орлоготой дуучнаар тодорч байв. Алдарт "Samsung"-ийн нүүр царай жагсаалтын дэд байранд 40 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр жагслаа.
- IU
К-попын хамгийн баян дуучнаар "IU" тодорч байна. Бие даан 50 гаруй дуу зохиосон тэрбээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж байгаа. Тодруулбал, түүний гол дүрд нь тоглосон “Hotel Del Lunа”, “Scarlet Heart Ryeo” зэрэг к-драмууд үзэгчдийг байлдан дагуулснаас гадна "IU" “Samsung”, “Sony”, “Guess” тэргүүтэй брэндтэй хамтран ажилладаг. Түүний одоогийн хөрөнгө 45 сая ам.доллар.
Холбоотой мэдээ