Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Р.Онончимэг нарын зургаан хүнийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг хэлэлцэнэ.
Шүүгч бус гишүүнд нийт таван хүн томилогдох ёстой. Тэгэхээр зургаан нэр дэвшигчээс хэн нь сугарч үлдэх магадлал өндөр байна вэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нарын гишүүд нэр дэвшигч Р.Онончимэгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэлтийн нотариатын хэрэгт нэр нь холбогдсон, цагдаагийн байгууллага дээр эцэслэгдээгүй хүнийг ШЕЗ-д ямар шалгуураар яагаад оруулж ирснийг асууж тодруулсан. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэг болон яаманд ирсэн нь үнэн” гэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө “Дүүргийн Ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулахад тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон” талаар хариулжээ.
Р.Онончимэг энэ асуудалд тайлбар хэлэхдээ “Шаардлагатай бол гэрчийн мэдүүлгээ би очиж өгнө. Намайг гэрчээр дуудаж асуусан” гэснээс үзэхэд түүний нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллагаар нэг мөр эцэслэгдээгүй байгаа бололтой. Нотариатын холбооны тэргүүн байсан Р.Онончимэгийг Нээлттэй сонсгол дээр нотариатчид өөрсдөө ил шүүмжилсэн. Гэтэл түүнийг ажлын хэсгийнхэн яагаад дэмжсэн бэ гэдэг асуулт тавигдаж, анхаарал татаж байна.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хянагдаж байгаа хэргийг “хэрэгсэхгүй болсон” гэж өмөөрснөөс харвал Хууль зүйн яам Р.Онончимэгийг илтэд дэмжиж байгаа бололтой. Тэрчлэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар байнгын хорооны хурал дээр мөн л Р.Онончимэгийг дэмжсэн үг хэлсэн. Р.Онончимэг Хэнтийн угшилтай. Тийм Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд яавч тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс улайран дэмжиж байгаа нь харагдаж байна.
Цөөнхийн бүлэг үүнээс болж завсарлага авсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бичгээр авах шаардлагатай. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилгооны нээлттэй сонсгол явуулах үед иргэдийн оролцоог бүрэн хангаагүй. Тийм учраас завсарлага авч байна” гэсэн билээ.
Холбоотой мэдээ