АНУ нь Украин руу зэвсэг болон цэргийн зөвлөхүүдийг илгээж буйгаараа Киев, Москвагийн хооронд үүссэн хурцадмал байдлыг улам дэвэргэж байна гэж Кремлиэс өчигдөр мэдэгдэв.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, “ОХУ-ын түрэмгийлэлд гэнэт өртөх вий гэж Барууныхан болгоомжилж буй энэ үед Байдены засгийн газраас танк эсэргүүцэх пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем болон цэргийн зөвлөхүүдийг Украинд илгээх тухай хэлэлцэж байна” гэв. Тухайлбал, Пентагоны албаныхан Афганистанаас зэвсэг техникээ Украинд шилжүүлэн байрлуулахыг Вашингтонд шахалт үзүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ АНУ төдийгүй "NATO"-ийн бусад орноос Украин руу зэвсэг болон цэргийн зөвлөхүүдийг ч илгээж байгааг онцолжээ. “Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна” гэж Песковын үгнээс иш татан "Тасс" агентлаг мэдээлжээ.
Мөн Песков хэлэхдээ Украины зэвсэгт хүчин Москваг дэмжигч босогчидтой хийсэн дайны үеэр алдсан зүүн өмнөд нутгаа эргүүлэн авах зорилгоор өдөөн хатгалга хийж байна гэж буруутгажээ. Тэрбээр “Украины зэвсэгт хүчин галын шугам дээр байгаа Донбассын асуудлыг цэрэг хүчний замаар шийдвэрлэхэд чиглэсэн бэлтгэл ажлын хүрээнд энэ өдөөн хатгасан үйлдлийг гаргаж буйд бид маш их сэтгэл түгшиж байна” гэжээ.
ОХУ-ын цэргүүд Украины хилийн ойролцоо төвлөрөөд байна гэсэн гомдлыг дэмий хэнээрхэл, мөн дотоодын цэргийн заналхийллийн шинжгүй үйлдэл гэж Песков өмнө нь няцааж байв. “Хэн нь хэн рүүгээ дайрах бол. ОХУ Украин руу юу, Украин ОХУ руу юу. Украинчууд Донбассын эсрэг түрэмгий үйлдэл гаргахаар төлөвлөж буйг бид батлаж байна” гэж Песков хэлсэн байна.
"ОХУ-ын хилийн ойролцоо АНУ-ын сөнөөгч онгоц эргэлдэж, Хар тэнгист цэргийн сургуулилалт хийж байгаа нь Украины сөргөлдөөнийг Барууныхан улам хурцатгаж байна" гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдэж байв. Мөн Украин руу довтлохоор төлөвлөж байна гэх мэдээллийг ОХУ-ын тагнуулын агентлагаас Даваа гаригт няцаажээ.
Барууны орнууд ОХУ-ыг Украины зүүн хэсэг дэх Москваг дэмжигч босогчдыг санхүүжүүлж, зэвсэглэсэн гэж 2014 онд анх мөргөлдөөн эхэлснээс хойш буруутгасан байр суурьтай байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ