Мөрөөдлийн театрын жүжигчид өнөөдөр/2021.11.24/ мэдээлэл хийлээ. Тус продакшны уран бүтээлчид 10 жилийн ойн хүрээнд баярын контент хийж байгаа бөгөөд тун удахгүй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөжээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд "UB Palace"-д болох юм байна.
Жүжигчин Г.Алтаншагай:
-Мөрөөдлийн театр одоогоос 10 жилийн өмнө “Миний нууц хүү” жүжгийг анх тайзнаа тоглож байв. Үүнээс хойш олон тоглолтыг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор тайзны уран бүтээлүүдээ тоглоогүй. Бид энэ удаагийн тоглолтоо 10 жилийн ойгоо угтаж хийж байгаагаас гадна хошин урлагийн бүх уран бүтээлчийг нэг тайзнаа цугларуулахыг хүссэн. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 50 хувийн заал дүүргэлттэй тоглолтоо хийнэ. Хамгийн чухал нь тоглолт үзэж гэж буй иргэд гуравдугаар тунгаа хийлгэж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг хүсч байна. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид нийт 400 гаруй тайзнаа тоглолт хийж, уран бүтээлээ хүргэсээр ирсэн. Хэдийгээр цар тахлын онцгой үе хэдий ч халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж тоглолтоо амжилттай зохион байгуулна гэж бодож байна.
"УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ҮЗЭГЧИЙГ БАЯСГАЖ, ЭЗЭМДЭХ ЁСТОЙ"
Гавьяат жүжигчин Б.Ариунболд:
-Уран бүтээлчид бид Covid-19-өөс шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Харин энэ жил Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу танхимаар үзэгч олондоо уран бүтээлээ хүргэх боломжтой боллоо. Мөрөөдлийн театрын хамт олонд халуун баяр хүргэе. Аливаа нэгэн уран бүтээл ард түмэнд мессеж хүргэх ёстой. Тиймдээ ч хошин урлагийнхан бид үргэлж нийгэмд хэрэгтэй, чанартай бүтээлээ дүрээр дамжуулж хүргэх болно. Үзэгчийг баясгаж, эзэмдэж чадна гэдэг уран бүтээлч хүний чадвар. Тэгэхээр Мөрөөдлийн театрын зохион байгуулж буй арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн тоглолт уран бүтээлчдийн шандас сорьсон бүх номерууд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Улс тунхагласны баярын өдөр болох уг тоглолтод хошин урлагийнхан нэгдэж буйгаараа онцлог. Тоглолтын тасалбар дууссан бөгөөд тоглолт үзэх иргэд халдвар хамгаалалтын хувийн дэглэмээ сайтар барихыг уран бүтээлчид анхаарууллаа.
Холбоотой мэдээ