Болгарт жуулчдын зорчиж явсан автобус хашлага мөргөж, шатсанаас 46 хүн нас баржээ. Ослын үеэр долоон зорчигч автобусны цонхыг хагалж гарснаар амьд үлдсэн ч ихээр түлэгдэж гэмтсэн байна. Туркийн Истамбул хотоос буцаж Хойд Македон руу явж байсан автобусанд 12 хүүхэд зорчиж явсан нь бүгд нас баржээ. Нас барсан хүүхдүүдийн дунд дөрвөн настай ихэр хөвгүүд байв.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч хурдтай явж байсан автобус хашлага мөргөж осолдсоныхоо дараа шатжээ. Осолд өөр тээврийн хэрэгсэл өртөөгүй гэнэ. Тухайн хот орчмын албаныхны мэдээлснээр автобус осолдсон хэсэгт тогтмол осол гардаг байна.
Эх сурвалжийн мэдээлснээр осолдсон автобуснаас гадна өөр хоёр автобус жуулчдын аяллын цуваанд явж байсан гэнэ. Тодруулбал, ослоос дөрвөн цаг болон хэдэн минутын өмнө өөр хоёр автобус ойролцоох шатахуун түгээх станц дээр ирж зогссон тухай мэдээлжээ.
Осол Мягмар гаригийн өглөө Болгарын нийслэл Софиа хотын баруун өмнөд хэсгийн хурдны зам дээр гарчээ. Олон хүний амийг авсан ослын улмаас Болгар, Хойд Македонд гурван өдрийн гашуудал зарласан байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ