Хотын дарга ичиг, ичиг!

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Хотын дарга ичиг, ичиг!

Хотын дарга ичиг, ичиг!

Цайны данх, шанага бариад замын нөхөөс хийж буй зам засварынхны зураг өнгөрсөн хавар олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Гэтэл өвөл нь хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдав. Ийм дүр зураг Монголоос өөр хаана ч байхгүй биз. 

Нийслэлийн удирлагууд нь төв байраа Яармаг руу нүүлгэхэд 1.5 тэрбум төсөвлөж байхад тохижилт үйлчилгээний ажилчид нь гараараа давс цацаж явна. Техник технологи хөгжиж, улам боловсронгуй болж буй энэ цаг үед энэ бол эмгэнэл гэлтэй. Уг нь хотын удирдлагуудад нийтийн гудамж талбай цэвэрлэх, хот тохижилтын машинаа нэмэх бүрэн боломж бий. 

Замынхаа халтиргааг арилгах сэтгэл нь сайхан ч зорилго нь аргаа зөвтгөхгүй байгаа жишээ олон бий. Тэдгээр жишээний нэг нь Чингэлтэй дүүрэгт болсон явдал. Их хэмжээний цас орж, хот, тохижилтынхон цагийн хязгааргүй ажилласан өдөр техник хангамжгүйн улмаас ажилчдаараа тийнхүү давс цацуулсан аж.

Энэ зургийг хараад ёгтлох нэгэн байхад ийм байгаадаа харамсах хүн цөөнгүй. Юутай ч гудамж талбайн хөдөлгөөн татарч, сэлүүхэн болсон тул нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын зам засвар арчилгааг эрчимжүүлэхийг үүрэгдсэн.  Хөл хориог ашиглаад замаа засаад авъя гэдэг зөв санаа. Гэвч замчдын ажлын багаж нь ундааны сав, данх, шанага төдийхөн байгаад л иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм. Тиймээс жил болгон замын ашиглалтын мөнгө гэж машин болгоноос хурааж авдаг татвар төлбөр, хураамж чухам юунд зарцуулж буйг тайлагнахыг иргэд хотын удирдлагуудаас шаардаж буй нь бас зөв.

Бид өөрсдийгөө шоглоод өнгөрөх ч гадаад улс оронд шоолоод л сууж байгаа. Гэхдээ тохижилт үйлчилгээний ажилтнуудын буруу биш. Хотын удирдлагууд нүүлгэлт болоод бусад илүү зардлаа танаад зориулалтын 10 машинаа нэмсэн бол асуудал үүсэхгүй.

Гэтэл төсөв санхүүг жил бүр баталдаг атал улирлын чанартай ажилдаа сүүлийн 5-6 жил анхаарч, парк шинэчлэл хийгээгүй хэвээр байгаа юм. Дутагдалтай техникийг яалтай билээ. Зориулалтын бодис цацах машин байгаа ч тун цөөн. Монголчууд бодит амьдрал дээр хөгжихөөс илүү хөглөх нь их. Хотын удирдлагууд өөрсдөө машины чиргүүл дээр сууж, өвлийн хүйтэнд давс зам дээр цацаад нэг үзээсэй.

Техникээр бус хүнээр давс цацуулж буй хотын удирдлагууд ичиг ичиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж