Засгийн газраас өнөөдөр дараах томилгоог хэлэлцэнэ. Хэд, хэдэн агентлагийн даргын нарын суудал эзгүй байгаа билээ.
УТБЗ-ЫН ДАРГААР Х.ХЭРЛЭНГ ТОМИЛНО
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын суудалд Х.Хэрлэнгийн нэр яригдаж буй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байсан түүнийг УБТЗ-ын даргаар томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, оросуудтай үг хэлээ амархан ойлголцож чадах хүнийг томилох ёстой гэсэн албан бус яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдох болсон билээ.
Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижсан нэг жишээ. 2019 онд түүний жилийн орлого нь 492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр "Land rover", "Range rover" загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.
ИНЕГ-ЫН ДАРГАД С.МӨНХНАСАНГ ТОМИЛНО
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үнэндээ ИНЕГ түүний вант улс болж хувирсан тул өргөдлийг өөрөөр нь өгүүлсэн гэж хэлж болно.
Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байна. Сүүлийн үед Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар С.Мөнхнасанг томилох сураг дуулдаж эхэлсэн. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нартай хамт 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон хэрэгт шалгаж буй юм. Гэвч эцсийн шийдвэрийн шүүх гаргах учраас өмнө нь дүгнэхэхэд эрт байна. Уг хэрэг шүүхэд шилжээд буй юм. Тиймээс С.Мөнхнасанг одоогоор буруутгах эрт бөгөөд Ерөнхий сайд шийдэх асуудал юм.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.ХУЛАН ЖИНХЛЭХ ҮҮ?
“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй. Түүний хувьд албан тушаал эрх мэдлээ ашиглаж авлига авснаа хүлээн зөвшөөрсөн тул энэ удаад шүүхээс ял сонсолгүй торгуулаад өнгөрөх бололтой. Шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлж түүний орны хүнийг өнөөдөр томилно. Энэ удаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хулан, тус компанийн Стратеги эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр нарын нэр яригдаж байсан юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар О.Хуланг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.
Холбоотой мэдээ