Монгол Улсын орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.11.24/ театрын уран бүтээлчдийг төрийн дээд одон медалиар шагнахаар болжээ.
Тодруулбал, тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах аж.
Мөн Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар цолоор, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор шагнах болсон баярт мэдээг театрын уран бүтээлчид дуулгалаа.
Мөн Монгол улсын үндэсний урлагийн их тeатрын гоцлол бүжигчин, дасгалжуулагч багш А.Батхүү Гавьяат жүжигчин цол тэмдгээр, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаах аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрдөө олон жил ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 11.00, 13.00, 14.30 цагаас болно.
Холбоотой мэдээ