Гуяар татсан оготор банзал эргэн ирлээ. Эмэгтэй хүн л өмсөж болдог, эмэгтэй хүнийг юунаас илүүтэй хээнцэр харагдуулдаг нь банзал гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз ээ. Энэ ч утгаар 18 сар үргэлжилсэн цар тахлын дараа “мини банзал” загварын тайзыг эргэн эзэлж байна. Алдарт “Dior” брэндийн захирал Мария Грациа Чиури оготор банзал, ханцуйгүй цамц, хулууны өнгөтэй хүрэм зэргийг толилуулсан намрын загварын шоуны дараа “Мини банзал бол хувьсгал юм" гэж хэлжээ.
Гэвч “Dior” бол богино банзлыг дэлгэрүүлсэн цорын ганц брэнд биш. Мини банзал буцаж ирэх нь өмнөх загварын шоунуудын үеэр ч мэдрэгдэж байсан чиг хандлага юм. “Prada” брэндийн мини юбка богино хэрнээ биед таарсан, бариу биш боловч үргэлж өнгөлөг байдаг. Харин “Balmain” брэндийн мини банзлыг алтадмал гинжээр чимэглэсэн бол “Versace” хажуугийн оноог нь сүлбээрэн зүүгээр бэхэлжээ. Харин “Мiu Мiu” брэндийн мини банзал хувцас гэхээс илүүтэй “бүс” шиг харагдаж байв.
Өөдрөг, тачаангуй мини банзлыг таны бодсоноос ч олон хэв маягаар янз бүрийн насныхан өмсөх боломжтой байдаг. Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед мини банзлыг богино түрийтэй гутал, битүү хоолойтой цамцтай хослуулж өмсч болно. Харин илүү дэгжин харагдахыг хүсвэл хээтэй шилэн тирко, хавтгай ултай Мэри Жейн гутал, поло захтай цамцтай хослуулан өмсөх боломжтой. Мэри Жейний хувьд битүү хоншоортой, хавтгай ултай гутлыг АНУ-д ийнхүү нэрлэдэг.
Мини банзалд нэг л чухал дүрэм үйлчилдэг. Дэрэвгэр хормойтой биш л бол мини банзлыг өндөр өсгийтэй гуталтай хослуулах нь “мэдрэмжгүй” сонголт байдаг. Үүний оронд хавтгай ултай гуталтай хослуулж өмсөх нь зүйтэй. Гэсэн хэдий ч та өндөр өсгийтийг хүсч байвал нарийхан өсгийтэй гутлын оронд өргөн өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна. Мөн хүйтний улирал айсуй үед урт түрийтэй гутал, саравгар мини юбка төгс сонголт байхыг үгүйсгэхгүй.
Хэдийгээр хөл ил гарах боломжгүй ч мини банзлыг сул хүрэм, том битүү захтай цамцтай хослуулж өмсөхийг зөвлөе. Үүнээс гадна, хөлийг гайхалтай харагдуулдаг хар өнгийн, жигд хээтэй шилэн трико болон мини банзлын хослол энэ өвлийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй.
Гэвч мини банзлаас жинхэнэ урам зоригийг авч, үүний мөн чанарыг ойлгохыг хүсвэл Их Британийн загвар зохион бүтээгч, хувцас загварын бэлэг тэмдэг Мэри Куантыг дурсахгүй өнгөрөх аргагүй юм. Тэрбээр мини банзлыг анх зохион бүтээхдээ дуртай машиныхаа нэрээр нэрлэсэн гэдэг. Энэ намар "Куант" нэртэй шинэ кино театруудын дэлгэцнээ гарч байгаа бөгөөд Сади Фростын найруулсан уг кинонд дизайнер Вивьен Вествуд, Жаспер Конран, супермодель Кейт Мосс нарын загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийн тухай өгүүлдэг аж.
Тэд хамтдаа 1965 онд олон янзын өнгө бүхий мини даашинз, гуя халхлах төдий банзлыг нийгэмд гаргаж ирснээр тухайн үеийн охидыг хувцасны дэлгүүрийн гадна дугаарлахад хүргэж, залуу эмэгтэйчүүдийг уламжлалт хэв маяг, хуучинсаг хувцаслалтаас татгалзахад ихээхэн нөлөөлсөн юм.
Өдгөө мини банзал маргаан дагуулахаа больсон төдийгүй мэдээж хувьсгал биш болсон юм. Гэвч чиг хандлага төдийгүй өөдрөг үзлийн илрэл болсон мини банзал хүмүүсийн сэтгэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх хүчээ алдаагүй юм. Лондонгийн тайзнаа салют тэслэх мэт гарч ирснээс хойш 60 жилийн хугацаа өнгөрсөн ч гайхалтай шинж чанараа хадгалсан хэвээр байна. Тийм ээ, тачаангуй, бас жавхаалаг богино банзлыг өөр юугаар орлуулж болох билээ.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ