Сурвалжлага: Шуудайны хомсдол түлээний модны үнэд нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шуудайны хомсдол түлээний модны үнэд нөлөөлжээ

Сурвалжлага: Шуудайны хомсдол түлээний модны үнэд нөлөөлжээ

Түлээ, нүүрсээр өвлийг өнтэй давдаг иргэдийн хувьд санаа зовох асуудлууд бишгүй. Гэр хорооллын иргэд энэ жил шахмал түлшээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч буй. Гэтэл шуудай түлээ сайшруулсан түлшнээс хоёр дахин үнэтэй байна.

Улаанбаатар хотын модны томоохон захын нэг "Цайз"-ыг зорих замд байрлах сайжруулсан шахмал түлш, түлээний мод борлуулдаг цэгээр орлоо. Үүдэнд нь давхарлан өрсөн түлээнээс харахад л иргэдийн худалдан авалт энэ жил муудсан нь илт. Худалдагчийн хэлснээр модны үнэ нэг хэсэг өсч, одоо эргээд бууж байгаа гэв. Тэрбээр ярихдаа “Бид захаас авсан бөөний үнэ дээрээ 100-200 төгрөг  нэмж зарж байгаа” гэлээ.

Түлээний мод жижиглэн, бөөний худалдаанаасаа хамааран шуудай нь 5000-7500 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Ийнхүү түлээний үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахаар “Цайз” зах руу зүглэв. Үе үе сонсогдох хөрөө рамны  чимээг эс тооцвол зах гэхээргүй нам жим байлаа. Бяр чадалтай залуус том суурин хөрөөн дээр хэрэглээний мод бэлдэж байх бол тэтгэвэрийн насны хөгшид амьдрахын эрхэнд түлээний мод хагалж, шуудайлж байгаа нь харагдана. Нас нь хэдийнэ 70 гарсан ч өөрийгөө ажилдаа шинэ хүн гэж тодорхойлсон бэлтгэгч Д.Аюурзана “Өнгөрсөн жилийнхээ үнээр л түлээгээ зарж байгаа гэсэн. Харин шуудайных нь үнэ нь нэмэгдсэн. Иргэд түлээ авах хүсэлтэй ч чадал нь хүрэхгүй байх шигээ” гээд цааш ярихаас татгалзав.

Д.Аюурзанатай ижил амьдралаа залгуулахын тулд бэлтгэгч, грузчик хийдэг хөгшчүүд "Цайз" зах дээр цөөнгүй. Тэдний нэг болох С.Цэнгэлтэй ярилцаж, модны үнэ, иргэдийн худалдан авалтын талаар асуулаа. Мод бэлтгэгч “Мод их ховор орж ирж байна. Үүний улмаас үнэ нь нэмэгдэж байна. Дан ганц түлээ гэлтгүй хүнс, бараан дээр ч иргэдийн худалдан авах чадвар муу байна. Шуудайны хэмжээ багассан гэж хүмүүс яриад байна. Яг л хэмжээгээрээ байгаа” гэж хариулсан.

Харин энэ зах дээр олон жил модны худалдаа эрхэлж буй Ч.Эрдэнэтуул хил хаасантай холбогдуулан шуудайны үнэ өссөн мөн өнгөрсөн жил цар тахлын улмаас мод бэлтгэлийн ажил хийгээгүй гэдгийг онцолж байлаа. Тэрбээр “Шуудайны хэмжээ жижиг болоогүй яг хэмжээгээрээ ирж байгаа. Өмнө нь нэг жижигхэн шуудай байдаг байсан. Тэрүүгээр одоо савлахаа больсон. Дандаа л том шуудай хэрэглэж байна. Бүх шуудай Хятадаас орж ирдэг.

Сая хил хаасан чинь 350 төгрөгний нэг шуудайны үнэ 800 төгрөг болчихсон. Бүтэн 1.5 дахин үнэ нь нугарсан. Бид шуудай зардаг бөөний төвүүдээс шуудайгаа авдаг. Мод бэлтгэлийн зөвшөөрөлтэй Архангай, Завханаас бид модоо авдаг. Модны үнэ өмнөх жилүүдийнхээс өссөн нь үнэн. Өнгөрсөн жил цар тахал гээд мод бэлтгэл байхгүй учир жаахан олдсон нь үнэд орчихлоо” гэв.

Тэрбээр “Иргэдийн худалдан авалт тааруу, бараг байхгүй гээд хэлчихэж болно. Уг нь манай захад түлээ бөөний үнээрээ зарагддаг" гэдгийг хэлсэн юм.

Ч.Эрдэнэтуулын хэлснийг хажуу хашааных нь худалдагч залуу ч баталж, шуудай ховордсон нь түлээний мод өсөх шалтгаан болсон гэв. Нэрээ нууцлахыг хүссэн модны бизнес эрхлэгч “Намар хүртэл модны үнэ өссөн. Одоо харин тогтворжиж байна. Намар банзны үнэ 280 мянган төгрөг хүрсэн. Гэтэл одоо 170 мянган төгрөг байна. Шуудай олдохгүй байгаа нь үнэн. Бид модоо Сэлэнгийн Хүдэр, Жаргалант гэх мэт зөвшөөрөлтэй газруудаас авдаг. Бензин, тосны үнэ нэмэгдсэн учир тээврийн үнэ ч өссөн” гэлээ. Харин өөр нэгэн бизнес эрхлэгч Р.Нямсүрэн түлээний үнэ нэмэгдсэнийг нүүрстэй холбон тайлбарласан. Түүний хэлснээр шуудай түлээ 1000 төгрөгөөр л өссөн бөгөөд нүүрс хямдарсан тул модны худалдаа энэ жил тааруу байгаа гэнэ.

"Тээврийн зардал өссөн. Нэг машин өмнө нь хоёр сая төгрөгөөр тээвэрт явдаг байсан бол одоо 2.6 сая төгрөг болчихсон"

Түлээний үнэ өсөх гол шалтгаан нь шуудай болсон учир "Цайз" захын хажууханд байрлах шуудай борлуулдаг бөөний цэгийг зорив. Тус цэгийн худалдагч шуудайны хэмжээ өөрчлөгдөөгүй гэдгийг хэлж, тээврийн зардал нэг дахин өссөн гэдгийг тодотгов. Тэрбээр ярихдаа "Хомсдлын улмаас ямар ч зүйлийн үнэ өсдөг. Манайх шууд Хятадаас шуудайгаа оруулж ирдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь 100-250 төгрөгөөр өссөн. Хэмжээн дээр ямар ч асуудал байхгүй. Тээврийн зардал нэг дахин өссөн гэдгийг бүгд мэдэж байгаа байх" гэлээ. Шуудайны хэмжээ жижиг болоогүй нь сайн мэдээ ч хомсдлын улмаас үнэ нь өссөн гэдэг тун тоогүй. Нөгөө талаараа урд хөршөөсөө бид дэндүү хамааралтай байгаа нь шуудайн дээр хүртэл мэдрэгдэж байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж