"Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь монгол цэргүүд" | News.MN

"Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь монгол цэргүүд"

"Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь монгол цэргүүд"

"Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь монгол цэргүүд"

Зэвсэгт хүчин хэмээх их айлд 26 дахь жилдээ алба хааж байгаа Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцоод эх орондоо ирээд  удаагүй байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


Таныг гэр бүлээсээ гурав дахь үеийн ахлагч нь гэж сонссон юм байна. Энэ талаар ярилцлагаа эхлье.

Миний аавын аавыг Д.Цэвэлням, ээжийн аавыг Х.Сорогдон гэдэг байсан. Хоёулаа Халхын голын болон Чөлөөлөх дайнд оролцож, эрэлхэгээр тулалдаж явсан хүмүүс байлаа. Харин миний аав 21 насандаа цэргийн албанд татагдаж, Ардын Армийн 089 дүгээр ангид жолоочоор томилогдсон. Улмаар улирч Зэвсэгт хүчинд 25 жил алба хаасан. Ингээд 1996 онд ахлах ахлагч цолтой аавыгаа цэргийн тэтгэвэрт гарч байхад нь би дунд сургуулиа төгсөөд ахлагчийн сургуульд элсч байлаа.

-Монголын нийгмийн шилжилтийн үед та ахлагч болохоор шийджээ. Тухайн үед армийн  бие бүрэлдэхүүний 50-иас дээш хувь нь цомхотголд орж, цалингаа ч бүрэн тавьж чадахгүй байсан үе шүү дээ. Хүн бүр л ганзагын наймаанд хошуурч байсан. Тухайн үед та сонголтдоо эргэлзэж байв уу?

Аавынхаа зөвлөснөөр Батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуульд элссэн дээ. Тэр цагаас хойш 26 дэх жилдээ алба хааж байна. Намайг ахлагч болох үед цалингаа 4-5 сараар өгдөггүй байсан. Тэглээ гээд би нэг ч удаа өөрийнхөө сонголтод эргэлзэж байгаагүй. Аав маань 2003 онд бурхан болсон.  1997-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хаагаад Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид батальоны ахлагч, шалгах байрны даргаар томилогдсон. 

Аавынхаа ажиллаж байсан ангид ирэхэд надад үнэхээр сайхан санагдаж байсан. Аргагүй л хувь тавилан юм даа гэж бодогдсон шүү. Ахмадын баяраар аавын найз нөхөд цэргийн анги дээр ирэхээр цагаан сар шиг л юм  болдог байсан.  Бүгдэд нь үнсүүлээд буу халцгаана. “Саарал шинелээ тайлаагүй. Буурал найз минь хаана байна” гэдэг шиг л юм болно шүү дээ. /инээв/  2016 оноос хойш би Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид харьяалагдаж байна.

-Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 19 жилийн хугацаа өнгөрсөн байна.  2002 оноос хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн гэх тоо бий. Таны хувьд анх хэдэн оноос энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлэв?

Анх 2009 онд Сьерра-Леон улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож байлаа. Дараа нь 2012 онд Афганистан, 2015 онд Өмнөд Судан,  2020 онд мөн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгээд арваннэгдүгээр сарын 9-нд эх орондоо ирлээ. Би дээрх бүх ажиллагаанд цэргийн багаараа явсан. Нэг ээлжид 80 гаруй хүн явдаг. Зургаан сараас нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ.

НҮБ-аас Сьерра-Леон, Афганистанд энх тайван тогтсон гэж үзсэн учраас багаар гүйцэтгэх ажиллагааг зогсоосон.  Монгол Улсын хувьд одоогоор Өмнөд Судан улсад багаар үүрэг гүйцэтгэж байгааа бол  цэргийн ажиглагч, ажиглагч офицер нар дангаараа 13 улсад үүрэг гүйцэтгэж байна.

-2009 онд  Сьерра-Леон улсад  очиход нөхцөл байдал хэр байв. Тодорхой хэмжээний айдас байсан байх л даа?

Анх явахад бие махбодь болон сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн хангасан. Монгол Улсад  сүүлийн 70 жил дайн, дажин тогтворгүй байдал үүсээгүй учир бидний төсөөлснөөс өөр орчин угтана шүү гэдгийг хэлж байсан. Гэхдээ харьцангуй нөхцөл байдал тайван байхад нь очиж таарсан. Очсон хойноо дайны улмаас ядууралд нэрвэгдсэн улс орныг харах мэдээж таатай биш. Өмнөд Судан улс гэхэд омог хоорондын мөргөлдөөн,  улс төрийн тэмцэлтэй. Хоёр омог нь  байлдаад нэг нь ялагдвал эргэж заавал цусан өшөө авдаг.

Монгол  батальон  Өмнөд Судан улсын Юнити мужийн Бэнтью суурин дахь хамгийн томд тооцогддог 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн иргэдийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг  хариуцдаг. 

-Манай Зэвсэгт хүчин үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Одоогоос  2-3 жилийн өмнө НҮБ-ын хурал дээр НҮБ-ын өмнө хүлээсэн Монгол Улсын үүргийг Монголын  Зэвсэгт хүчин маш сайн гүйцэтгэж байгаа талаар онцолсон байдаг?

Тийм ээ. Таны зөв. Одоо Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн жишигт хүрсэн. Монголыг өмнө нь Чингис хаанаар нь дэлхий нийт мэддэг байсан бол одоо цэрэг эрсээр нь мэддэг болсон.

Гэхдээ ихэнх хүмүүс энхийг дэмжих ажиллагааг оков ухаад, энд тэндгүй бөмбөгдөөд эсрэг тал руугаа буу шагайлгана гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр зөөлөн аргаар хамгаалдаг.  

НҮБ-ын дүрэмд заагдсан хүч хэрэглэх дүрэм бий. Энэ нь хамгийн бага хүчийг дээшээ өсгөж хэрэглэдэг. Цэрэг үүрэг гүйцэтгэхэд хосоороо байж нэг нэгнээ хамгаалах ёстой. Хамтрагчийг шархдуулсан тохиолдолд би нөгөө тал руу гал нээх эрхтэй. Гэхдээ амин бус газар гал нээнэ. Бусдаар бол гал нээх эрхүй. Хүмүүс  шууд буудна гэж боддог. Тийм биш шүү.  НҮБ-ын ажиллагаа бол өөр. Энхийг сахиулагчид НҮБ-ын мандатын дагуу энгийн иргэдийг хамгаалах, дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагаанд шаардлагатай тусламжийг үзүүлэхээс гадна тухайн ажиллагааны Хүчний штабаас ирүүлсэн үүрэг, хүч хэрэглэх дүрэм, тогтсон ажиллагааны журам зэргийг мөрдлөг болгон үүрэг гүйцэтгэдэг. Энхийг дэмжих  ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Дэлхийд данстай хүн боллоо л гэж бодогддог доо.

-Танд бүдүүлэг санагдаж магадгүй. Гэхдээ нууц биш бол энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн цалин хэд вэ. Энэ талаар олон хүн сонирхдог шүү дээ?

Сарын 1420 ам.доллар. Үүнээс 70 хувийг гар дээрээ авдаг бол үлдсэн 30 хувь нь  Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрдөг. 

-Тэгвэл дайны улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн улсыг харахаар  Монгол шиг сайхан, тайван улс цөөн дөө гэж бодогдоно биз?

Би юмыг харлуулж хардаг хүн юм болов уу. Үнэндээ Монгол хөгжлөөрөө Өмнөд Суданаас ялгагдахгүй. Монголд дайн дажингүй тайван байгаа нь л үнэн болохоос захын гэр хороолол руу гараад хараарай.

Өмнөд Суданд яг л тийм. Сьерра-Леон, Афганистан, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж нөхцөл байдлыг нүдээр харсан хүний хувьд  хэлэхэд ийм л байна. Би улстөржөөгүй шүү.

дуурлаараа адилхан гэж үү?

Өмнөд Судан тусдаа гараад удаагүй буюу 2013 онд Иргэний дайн дэгдэж тус улсын хоёр том үндэстэн болох Динка, Нуэрүүд хоорондоо байлдаж улс орныхоо байдлыг тогтворгүй болгосон гэдэг. Миний ажигласнаар, төрийн эрх мэдэлтнүүдийн газрын тосны баялагаа булаацалдсан тэмцэл дээд цэгтээ хүрээд өнөөдрийн Суданыг бүтээсэн гэж боддог. Өмнөд Судан асар их нефтийн баялагтай ч авлигадаа идэгдсэн. Бичиг үсгийн болон дэд бүтцийн түвшин маш доогуур байдаг.

Сьерра-Леон гэхэд алт эрдэнэсийн нөөцтэй. Афганистан мөн үнэт чулуу, эрдэнэсийн асар их нөөцтэй улс. Уг нь Монгол Улс ч мөн адил газрын  баялагтай шүү дээ. Гэвч дээрх улс орон бүгд авлигаас болж ядуу амьдарч байна. Монголд байгалийн гамшиг, дайн дажин гардаггүй тулдаа хүмүүс нүцгэн шалдан явахгүй байна. 

-Тэгвэл Өмнөд Суданд одоо байдал сайжирч байна уу?

Ер нь омог хоорондын зөрчилдөөн нь дуусчихвал хөгжих байх. 2020 онд ахиж очиход нийслэлд нь олон барилга байшин  барьж хүмүүсийн амьдрал арай дээрдсэн харагдана лээ. Өмнөд Суданд үхрийн хулгай, дээрэм маш их гардаг. Түүнээс үүдэлтэй үл ойлголцол гарах тохиолдол бий. Учир нь тэндхийн ард түмний гол хөрөнгө нь үхэр. Амь насны төлбөрийг үхрээр төлдөг. Эхнэр авахдаа ч үхрээр сольж авдаг. Анх хараад гайхаж л байлаа.

Бусад улс оронтой харьцуулахад шашин, ёс заншлын хувьд ялгаатай. Ядуу буурай хөгжилтэй орон. Омог хооронд үг сөрвөл буудалцчих гээд байдаг. Тиймээс хөгшин, залуугүй буутай явдаг. Үхэр хариулахдаа  хүртэл буутай явна. Манайхан шиг шилбүүр бариад үхэрээ хариулна гэж байхгүй.

Монгол цэргүүд үнэхээр шилдэг байж чаддаг юм уу, эсвэл монгол цэргүүдийг хөөргөөд байдаг юм уу гэсэн хардлага ч төрөх юм?

НҮБ Монгол цэргийг маш өндрөөр үнэлдэг.  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчийн тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна. Монгол цэргүүд эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар маш өндөр. Бие бялдар, сэтгэл зүйн хувьд бусдаас дутах зүйл байхгүй. Ажиллагааны газар оронд олон тэмцээн уралдаан зохиодог. Тэр бүрт монгол цэргүүд дээгүүр байранд ордог. Мөн юмхнаар юм хийх чадвар өндөр.  Бусад улсын цэргүүд сандал эвдэрчихлээ дөрвөн боолт хэрэгтэй байна гээд суучихдаг. Харин монгол цэрэг төмөр утсаар холбоод сандлаа янзалчих жишээний.

Ер нь цэргүүд зүгээр сууна гэж байдаггүй. Зүгээр суувал гэр бүлээ санана. Эмэгтэй энхийг сахиулагчид зав гарвал нөхөртөө даалимба, дээл урлана. Би гэр бүлээ санахаараа ном их уншдаг байсан. 

-Ярилцлагын төгсгөлд шинээр ахлагч болж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

Би бүх эрчүүд цэргийн алба хаах хэрэгтэй гэж боддог. Мэдээж, цэргийн албанд яваад жигтэйхэн супер хүн болчихгүй ч ядаж л цаг баримталдаг, хүний үг дааж сурдаг. Манай залуус үг дааж сурмаар байна.  Дууныхаа өнгийг жаахан өндөрсгөхөд л одоогийн залуусын нүдэнд нулимс цийлгэнээд эхлэх юм. Тэгмээргүй байна. Эр хүн болоод төрчихсөн юм бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Аав, ээж нь хүүхдүүддээ багаас нь тэсвэр хатуужил олгож байвал тун сайн гэж боддог.

Гэхдээ манай аав, ээж нарын нэг дутагдал бий. Хүүхдүүдээ нэг номерын хүн болгох гээд улайрдаг. Гадаад хэлтэй, математикч, дуучин, бүжигчин гээд бүгдийг чаддаг байлгах гээд зүтгээд байх юм. Гэтэл зөв хүн болж төлөвших нь юу юунаас илүү чухал шүү дээ. Сүүлийн гурван жил Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд ажиллахдаа сонсогч, сурагчдад хичээл зааж, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ тэдэнд эзэмшүүлэхийг зорьж байна. Би сонсогчдодоо “Номыг нь сурахгүй юм аа гэхэд номхныг нь сур” гэж зөвлөдөг. Хичээл дээр унтаж эсвэл үүрэглэж таарахгүй. Ойлгохгүй байсан ч гэсэн номхон суугаад сонсох хэрэгтэй. Ойлгохгүй байна даа гэж бодож байгаа боловч хүний бор тархины ухамсаргүйгээр санах ойд тэр бүхэн чинь бичигдэж л байгаа. Хэзээ нэгэн цагт сонссон бүхэн чинь чамд хэрэг болно. Би ингэж л захидаг.

Гэрэл зургийг Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-24 202.179.25.37

Монгол цэрэг дэлхийд хэзээд 1 номер байлаа. Одооч тийм хойшид ч тийм байна. Тийм учираас дандаа өөрөөсөө илүү дайснуудтай байлдаж ялж байсан.

Avatar

Зочин 2021-11-24 103.26.194.126

Sain zaluu bn amjilt husie amidarliig zuv talaas ni dugnej chadaj bn

Avatar

Зочин 2021-11-24 202.9.40.81

Сэрүүн бүсийн Судан болсон бна л даа монгол.

Avatar

УУЛ 2021-11-24 192.82.74.90

Бүх гишүүдийг компаничдаад тэр захын хорооллоор явуулж үзүүлэхээр юм. Эд нар мэдэхгүй шүү.

Avatar

Зочин 2021-11-24 103.229.122.11

Монгол цэргүүд мундаг байгаа нь үнэн бол сайхан л байна?! Харин өөрөө өөрсдийгөө магтаж л сагсуурч болохгүй шүү дээ!!! Бид Африк шиг муу болох вий гэцгээдэг, гэтэл аль хэдийн тэдний хэмжээнд хүрчихсэн юм шив дээ???

Avatar

Зочин 2021-11-24 66.181.160.27

Манайх дайн дажингүй тулдаа л нүцгэн шалдан явахгүй байна. Тэрнээс ядуурал захаас аваад л байгаа. Гучаад жил ийм л байдалтай явж ирсэн. Энэ бүхэнд төр засгийн зөв бодлого менежмент яах аргагүй дутагдалтай. Зөв бодлого үгүй юмаа гэхэд ядаж тогтвортой ажиллагаа дутагдаж байгаа нь үнэн..

Avatar

Irgen 2021-11-24 192.82.71.206

Ynen shu. 7 buudal tiishee yavahaar " daanch de" gemeer bodol ooriin erhgui tordog. Tor zasag mini, erh medeltnuud mini de eh ornoo negdugeert taviach de.

Avatar

Зочин 2021-11-24 115.70.196.165

Amjilt!

Avatar

Зочин 2021-11-24 202.126.89.173

Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх талаар нойл болсон. Нэг бол хаячина, эсвэл хэт бөөцийлөөд, шахаад унтраагаад хаячдаг. Хүн болох талаас нь ердөө анхаардаггүй.

Avatar

Зочин 2021-11-24 59.153.114.76

Success

Avatar

Зочин 2021-11-24 103.26.193.183

Бодит үнэнийг хэлжээ! Танд амжилт хүсэе!

Avatar

Зочин 2021-11-24 124.158.66.9

бас гиннесийн номд бичүүлэхүүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж