Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 40 сурагч нэгнийгээ бүлэглэн зодсон хэрэг өчигдөр /2021.11.22/ талаар хохирогчийн талаас мэдээллээ. Сургуулиас 100 метрийн зайд тус үйл явдал болсон бөгөөд тухайн үед байсан хүүхдүүдийн ар гэрийнхэн хохирогчийн талтай огт холбогдоогүй байна.
Хохирогчийн гэрийнхний хэлж байгаагаар “Өчигдөр гурван сургуулийн 40 сурагч дүүг минь зодсон. Хичээлээ тарах үед нь отож байгаад бүлэглэн зодсон байна. Сургуулиас 100-хан метрийн зайтай ийм зодоон болоход сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтан нь хэн нь ч мэдээгүй байсан. Хүүхдийн гавлын яс цууралттай, тархинд нь цус хурчихсан байхад өнөөдрийг хүртэл зодоонд оролцсон хүүхдүүд, тэдний эцэг эх, нийгмийн ажилтан ирж уулзуулаагүй. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүхэд маань хүнд хагалгаанд ороход хүрсэн байхад сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан заавал хариуцлага хүлээх ёстой” гэв.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ИРСЭН ГОМДЛЫН ДАГУУ ХОХИРОГЧИЙН ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛЖ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ЗҮЙЛ ЗААЛТЫГ ТОДОРХОЙЛНО
Цагдаагийн ерөнхий газраас энэ хэргийн шалгалтын ажил явагдаж байгаа талаар тодруулахад “Өчигдөр цагдаагийн байгууллагад зодоон болсон талаар гомдол ирсэн. Түүний дагуу хохирогчийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх эмнэлэг ажиллаж байна. Одоогийн байдлаар олон нийтийн газар зодоон хийсэн зүйлээр зодоонд оролцсон болон бусад гэрч нараас мэдүүлэг авч байна. Ойролцоогоор хэдэн хүнээс мэдүүлэг авах нь тодорхойгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийсний дараа Эрүүгийн хэргийн аль зүйл заалтад хэрэг хамаарахыг тодорхойлно” гэх тайлбарыг өглөө.
ХОЁР ХҮҮХДИЙН МАРГААНААС БОЛЖ БҮЛЭГ ХҮҮХДИЙН ЗОДООН ҮҮССЭН БАЙЖ МАГАДГҮЙ
97 дугаар сургуулийн сургалтын менежерийн хэлж байгаагаар “Өсвөр насны хүүхдүүд хичээлийн бус цагаар бүлэглэж зодоон хийсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгана. Сургуулийн удирдлагуудын зүгээс аль ангийн хэчнээн хүүхэд тус зодоонд оролцсон гэдгийг шууд хэлэх боломжгүй. Манай сургууль ч гэлтгүй бусад сургуульд сургуулийн орчинд хүүхдүүд маргалдах, зодолдох тохиолдол гардаг. Өчигдрийн тухайд хоёр хүүхдийн маргаанаас болж нэг нь хэсэг бүлэг хүүхдүүдтэй нийлж зодоон үүсгэсэн асуудал гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа” гэлээ.