1979 оны цэргийн эргэлтээс хойш ардчилсан хувьсгал гарах хүртэл Өмнөд Солонгосыг хатуу гараар удирдсан ерөнхийлөгч асан Чонь Дү-Хуань өнөөдөр 90 насандаа таалал төгсчээ. Цус болон дунд чөмөгний хорт хавдар өвчин нь сэдэрснээр сүүлийн үед түүний эрүүл мэндийн байдал нь эрс муудсаныг түүний хэвлэлийн төлөөлөгч асан Мин Чун Ги мэдэгджээ. Чонь Дү-Хуань нь Сөүл хот дахь гэртээ таалал төгссөн байна.
Цэргийн командлагч асан Чонь Дү-Хуань 1980 оны ардчиллын төлөөх оюутан залуусын жагсаалын эсрэг Гуанжугийн армийн аллагын хэргийн үед төр удирдаж байсан бөгөөд хожим энэ хэрэгтээ цаазын ял сонсч байв. Гэхдээ түүний ялыг дараа нь шүүхээс өөрчилсөн юм. Тэрбээр 1990-ээд онд болсон шүүх хурлын үеэр улс төрийн хямралаас эх орноо хамгаалах зайлшгүй арга байсан гэж цэргийн эргэлтийг тайлбарласан бол Гуанжу руу цэрэг илгээсэн гэдгийг үгүйсгэжээ. Чонь Дү-Хуань нь 1931 оны гуравдугаар сарын 6-нд Солонгосын хойгийг Японы эрхшээлд байхад төрч, өссөн аж. Түүний хэргийн шүүх хурал сүүлд энэ оны наймдугаар сард болсон байв.
Үүнээс сар орчмын өмнө Өмнөд Солонгосын өөр нэг ерөнхийлөгч Ну Тэ-Ү 88 насандаа таалал төгссөн. Ну Тэ-Ү нь Чонь Дү-Хуаний хамтран зүтгэгчдийн нэг байсан бөгөөд ардчилсан шилжилтэд маргаантай үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
Холбоотой мэдээ