Цагаан ордны Даваа гаригийн мэдэгдэлд дурдсанаар, өнгөрсөн гурав хоногийн хугацаанд АНУ-ын гурван сая иргэн нэмэлт тундаа хамрагджээ. Нэмэлт тунг АНУ-д есдүгээр сараас хийж эхэлсэн бөгөөд багадаа 36 сая иргэн хамрагдаад байна.
АНУ-д халдварын тархалтыг зогсоохын тулд 135 сая гаруй иргэн нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. "Файзер" болон "Модерна" вакцины бүрэн тунг тариулсан бол зургаан сарын дараа, "Жонсон&Жонсон" вакциныг тариулсан бол хоёр сарын дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой аж.
Байдены засгийн газрын албан тушаалтнууд дельта вирус улам хурдацтай тархаж, цаг агаар ч хүйтэрч буй энэ үед иргэдэд гуравдугаар тунг хийх нь хүндэрч эмнэлэгт хэвтэх хүний тоо, нас баралтыг бууруулахад урт хугацааны, найдвартай хамгаалалт болж чадна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн долоо хоногуудад цар тахлын шинэ тохиолдол болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өссөөр байгааг Валэнски онцлон дурдаад, нэмэлт тунгаа хийлгэхийг иргэдэд уриалав.
Долоо хоногийн дунджаар авч үзэхэд, өдөрт 92800 шинэ тохиолдол буюу 18 хувиар өссөн бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 5600 хүн буюу зургаан хувиар өссөн байна.
Амралт зугаалгын улирал эхэлж хүмүүс олноор цугларах төлөвтэй энэ үед нэмэлт тунг хийж цар тахлын халдварын тархалт болон нас баралтыг бууруулахаар ийнхүү шахамдуулж эхлэв.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ