Цар тахлын улмаас хотын захын гэр хорооллын дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарч, өрхийн орлого муудаад удаж буй. Өдөртөө тавхан ширхэг “Атар” талх зарж чадахгүй байгаагаа худалдагч эмэгтэй хэлж байв. Баянзүрх дүүргийн гэр хорооллын гудамж дунд байрлах дэлгүүрүүдэд хамгийн их зарагддаг бараа нь элэгний нухаш, бэлэн гоймон гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд хамгийн бага мөнгөөр буюу 2500 төгрөгөөр өдрийн хоолоо аргацааж байна.
Цайз орчмын гэр хорооллын дэлгүүрт хүнсний татан авалт өмнөхөөс буурчээ. Энэ нь иргэдийн орлого муудаж, дэлгүүрээс бэлэн мөнгөөр бараа авах хүнгүй болсонтой холбоотой аж.
Тэрчлэн талх, боорцог савлах уут тасарсан учир хоёр долоо хоногийн өмнөөс эхэлж түгээлт тэр хавийн дэлгүүрүүдэд очихоо больсон байна. Бүтээгдэхүүний уутны нөөц тасарсан учир үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд бага багаар зах зээл дээр гаргаж байгаа гэх тайлбарыг үйлдвэрлэгчид хэллээ. Ийнхүү Эрээний хил хаагдангуут Монголд талхных нь уут хүртэл тасарчээ.
ЗАРИМ ТАЛХНЫ УУТ ШИНЭЧЛЭГДЭЖ, ТҮГЭЭЛТИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОЖ БАЙНА
Худалдагчдын хэлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт талх нарийн боовны түгээлт багасч, тогтмол ирдэг байсан бүтээгдэхүүнүүд савлагаагүй гэж 2-3 хоногийн дараа ирж байсан. Ингэж тасалдаж ирэхдээ ихээр олгохгүй. Дээд тал нь 10 талх гэх мэтчилэн хуваарилж, түгээлт хийж байсан гэв. Харин өнөөдрөөс түгээлт хэвийн болжээ. Гэхдээ үнэ нь хамгийн багадаа 200 төгрөгөөр өссөн байна.
Захын дүүргүүдэд нэг гудамжинд 2-3 дэлгүүр байдаг учраас орлого багатай. Өдөрт ихдээ 5-10 талхны татан авалт хийдэг. Үүнээс таван талхыг нь зарвал их юм гэж ярих худалдагчийн харуулж буй өрийн 48 хуудастай дэвтэр дүүрчээ.
Мөн гэр хорооллын захын дэлгүүрүүд хувийн үйлдвэр болоод жижиг цехүүдээс талх, нарийн боорцогны татан авалт хийдэг байна.
Томоохон компанийн түгээлт нь тоохгүй учир аргагүйн эрхэнд жижиг дэлгүүрийн худалдагчид зах болон бөөний төвөөс очиж өөрсдөө 5-10 талх, боорцгоо хоёр өнжөөд авдаг байна.
Захын хорооллын нүүрэн эгнээнд байрлах дэлгүүрийн хувьд байдал өөр. Замын хажууд, байршил сайтай тул бараа, бүтээгдэхүүний түгээлт сайн ирдэг байна. Хэдийгээр татан авалтаа тогтмол хийсэн иргэдийн худалдан авах чадвар ялгаагүй муу байгаа аж.
УУТГҮЙ ТАЛХ ТҮГЭЭЖ БОЛОХ Ч МХЕГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Үйлдвэрлэгчдээс түгээлт болоод өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тасалдахгүй байх боломжтой эсэхийг тодруулахад “Савлагаа хэвийн хийвэл бусдаар ямар ч асуудалгүй. Тухайн бүтээгдэхүүнийг савладаг уутны нөөц байхгүйгээс өөр уутанд савлаж бар код гараар бичих, наах зэрэг тохиолдол гарч байна. Түгээлтийн хувьд аль болох захиалагчдын хүсэлтийн дагуу олгоод явж байгаа. Амжихгүй тохиолдолд маргааш нь заавал очиж барааг тасалдуулахгүйг хичээдэг. Худалдагчид уутгүй бол 10-ын уутанд хийгээд өмнөх шигээ зарж болно гэдэг ч мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөхгүй шүү дээ” гэсэн юм. Тухайлбал, атар талхны савлагаа болон зарим талхны уутанд өөрчлөлт орж, бар кодыг шинэчлэхээс өөр аргагүй болжээ. Үүнийг ч үйлдвэрийн зүгээр мэдэгдэл хэлбэрээр савлагаан дээр нь наасан байна.
"Талх чихэр" компани бүтээгдэхүүн дээрээ “Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан сав баглаа боодлын түүхий эд, материал тасалдахад хүрсэн тул бид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан бүтээгдэхүүнээ хэвийн хүргэхээр хичээж ажиллаж байна. Биднийг дэмжин ойлгодог хэрэглэгч танд баярлалаа” гэх мэдэгдлийг хэвлэн наажээ.
Үүнээс гадна хэд хэдэн үйлдвэр адил мэдэгдлийг гаргасан байна. Тэгэхлээр нэг талаар гэр хорооллын иргэдийн худалдан авалт муу байгаа учраас талх, боорцогны түгээлт тогтмол хийдэггүйг худалдагчид хэлж байв. Мөн хил гаалиас хамаарсан уутны асуудал байгаа учраас үнэд өөрчлөлт орж өдөрт олгох бүтээгдэхүүний тоо буурчээ. Тэгэхлээр иргэдийн хэлж байгаагаар Монгол Улс үйлдвэрлэгч болохыг зорьж байгаа ч хүчин чадал бага учир урд хөршөөс хараат байх нь аргагүй юм.
Холбоотой мэдээ