Манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт цар тахалтай холбоотойгоор эрс нэмэгдсэн ч хил хааснаас нийлүүлэлт тасалдаж, нөөц хомсджээ. Үүнтэй холбоотойгоор эм ханган нийлүүлэх төвүүдэд нөхцөл байдал ямар байгааг тодруулав.
ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн С.Буяндэлгэр:
-Монгол улс нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үндэсний ганцхан үйлдвэртэй. Түүнчлэн "Монэнзим мед" ХХК үйлдвэрлэлд хэрэглэдэг үндсэн түүхий эдээ Өмнөд Солонгос улсаас импортлодог. Тасалдал үүсээд буй метилпреднизолон эмийг Энэтхэг улсаас өнөөдөр нисэх онгоцоор татан авахаар болсон. Энэ ачаа ирснээр дуслын шингэн 66 хоногийн, нэг удаагийн тариур 37 хоногийн, дуслын систем 11 хоногийн нөөц бүрдэнэ. Мөн бусад нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тасалдал үүсэхээс сэргийлсэн.
Эрүүл мэндийн байгууллагууд болон зах зээлд одоогийн байдлаар зарим нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдал үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал актовегин эм тасраад удаж байна. Үүний гол шалтгаан нь дэлхий дахинд тухайн эмийн хэрэглээ ихссэнтэй холбоотой.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор энэ сард тасалдал үүсэх эрсдэлтэй байсан 113,8 тонн бүхий нэг удаагийн тариур, дуслын систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг Хятадаас хоёр удаа Өмнөд Солонгосоос нэг удаа онгоцоор татан авсан. Тээврийн зардлын дийлэнх хэсгийг Эрүүл мэндийн яамнаас төлсөн. Мөн дахин энэ сардаа багтааж Хятадаас 30 гаруй тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг татан авахаар ажиллаж байна.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эд, туслах материалаа Хятад, ОХУ, Өмнөд Солонгос, Энэтхэг улсаас голдуу импортолдог. Хятадын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсан, шууд нислэгийн тоо цөөн, онгоцонд ачих ачааны тоо хэмжээ хязгаартай, тээврийн зардал өндөр зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй үүссэн.
Өнгөрсөн сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод 35 ханган нийлүүлэх байгууллагын ачаа, Тяньжин боомтод 14 ханган нийлүүлэх байгууллагын 37 чингэлэг ачаа саатсан бөгөөд арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 16 чингэлэг эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа.
Энэ оны долоогоос аравдугаар сард тарилгын шингэний хэрэглээ өмнөх үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн. Мөн нэг удаагийн тариур 2019 онд 53.8 сая ширхэг импортлогдож, 3.3 сая ширхэг борлуулагдсан. Харин энэ онд 42.1 сая ширхэг импортлогдож, 6,1 сая ширхэг үйлдвэрлэгдсэн бол 2021 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 53.2 сая ширхэг тариур импортлогдож, 7.3 сая ширхэг тариур үйлдвэрлэгдсэн байна.
Эм ханган нийлүүлэх төвийн мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ:
-Улсын тэр татан авсан гэх зүү, тариур манай эмийн төвд ирээгүй. Мөн ямар компани оруулж ирж байгаа нь хяналтгүй. Манайд нэн шаардлагатай зүү тариур байхгүй. Нөгөө мэргэжилтэнүүдийн яриад байгаа зүү тариур нь хаагуур ямар замаар орж ирсэн байгааг эм ханган нийлүүлэх төвүүд мэдэхгүй. Ерөнхийдөө эмнэлгүүдэд түгээсэн. Харин эм ханган нийлүүлэх төвүүд болон эмийн сангуудад өгөөгүй. Иймээс ард иргэдэд шаардлагатай нарийн, бүдүүн зүү тариурын хүрэлцээ хомс байна.
Ихэвчлэн өндөр доозтой эмүүд болох цефазолины бүлгийн эм тариа болон түүнээс дээш бүлгийн антибиотикүүд хомсдолд орсон. Учир нь энэ төрлийн ихэнх эм нь Хятад улсын үйлдвэрлэгчдээс ирдэг. Гэтэл хил хаасантай холбоотойгоор тасалдсан.
Мөн манай улс хэрэгцээтэй антибиотикүүдийн үлдсэн цөөн хувийг Орос улсаас татан авдаг. Мэдээж сүүлийн үед тус улсаас бараа ирж энд тэнд мэр сэр бууж байгаа боловч эмийн сангуудад хүртээмжгүй, шууд эмнэлэг рүү явж байна. Хил дээр гацсан бараагаа яаралтай авчрахын тулд бидний зүгээс онгоц түрээслэх хүртэлх, арга хэмжээ авч байна. Мэдээж тээврийн зардлын үнэ нэмэгдэнэ. Манай бөөний төвийн хувьд зүү тариурыг ихэвчлэн Индонез эсвэл Өмнөд Солонгос улсаас оруулж ирдэг. Одоогоор бүтээгдэхүүн Индонезоос орж ирээд Хятадын хил дээр гацсан байдалтай байна.
Мэдээж иргэдийн хувьд бухимдалтай байна. Нэн хэрэгцээтэй эм тариа байлаа гэхэд зүү тариур нь байхгүй байна гэдэг асуудалтай. Гадуур зарж байгаа газрууд хүмүүст нөөцийнхөө зүү тариур болон эм эмийн бүтээгдэхүүнийг зарж байгаа болов уу. Гэхдээ мэдээж үнийн хувьд өссөн байх.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ