Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

Мэдээллийн системийн төв баазуудыг хуулиар заавал Монгол улсад байхаар заасан.

Өнөөдөр Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод хамтран хуралдаж Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хороодын нийт 29 гишүүнээс 22 гишүүн оролцож 75.9%-ийн ирцтэйгээр хуралдаж тус хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын даргаас захирамж гарган 3 байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ахлаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, П.Анужин нар ажлын хэсгийн гишүүдээр ажилласан юм.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон“ гэв. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид хэн нэгний талаар мэдээлэл бичихдээ үнэн зөв мэдээллийг бичихийг үүрэгжүүлэхээс гадна үнэн бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж зохицуулж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн багш нар сурагчдаас эцэг, эхийн эрхэлдэг ажил, албан тушаал, өрхийн орлого болоод хувийн мэдээллийг шаардаж авдаг асуудлын талаар хөндсөн бөгөөд цаашид энэхүү хуулиар багш зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авах явдлыг хориглоно гэдгийг ажлын хэсгээс тодотгосон.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ганбат: “Айл болгон нэг койнчинтой боллоо. Гэвч энэ үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд чинь тэр койнчин болгоны хувийн мэдээллийг цуглуулж байгаа. Түүнийг яах вэ?” гэж асуув. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Бид одоо мэдээллийн сүлжээний дэд бүтэц буюу энэ интернет чинь гадны хиймэл дагуул, гадны сүлжээ л ашиглаж л яваа. Хүний зам дээр л яваа шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал яах вэ, алдагдах, хулгайлагдах, тасалдах, устах зэрэг эрсдийг яах вэ?” гэсэн асуултуудыг Ажлын хэсгийн ахлагч Н.Учралаас тодруулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслүүдээр эдгээр үйлчилгээ үзүүлэгчид буюу биржүүд “мэдээлэл хариуцагч” болж байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл цуглууж буй бусад субъектуудын нэгэн адил мэдээлэл хариуцагчийн үүрэг хүлээж байгаа гэж ойлгож болно. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулиар мэдээллийн төв сервер, бааз заавал Монгол улсын нутаг дэвсгэрт байхаар хуульчилсан. Анх удаа ингэж хуулийн төсөлд суугдсан байгаа” гэдгийг онцлов.

Түүнчлэн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой хуульд заасан зүйлийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн. Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдал олноор гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст Байнгын хорооноос эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж