Он гарснаас хойш нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгджээ. Өчигдрийн байдлаар /2021.11.22/ нийт 12 аймгийн 56 сумын 85 голомтод хөл хорио тогтоосон байна. Шүлхий өвчний талаар малын их эмч П.Болортуяа өөрийн санал бодлоо твиттерт жиргэж буй. Түүнтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Улсын хэмжээнд шүлхийн өвчний дэгдэлт газар аваад байна. Энэ нь махны экспортод сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Идэш, хоолоо ид бэлтгэдэг үеэр шүлхий гарсан нь иргэдийн хувьд ч болгоомжлоход хүргэж байна?
-Монгол Улсын махны экспорт цар тахлаас болоод нам зогссон. Одоо малын гоц халдварт өвчин тархчихлаа. Цар тахал намжиж, хилээ нээсэн ч мал, махаа экспортлоход хүндрэлтэй болж байна. Импортлогч орнууд малын гоц халдварт өвчин дамжихаас болгоомжлох нь дамжиггүй. Шүлхийн халдвар зөвхөн махаар дамждаггүй. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл гээд зөөвөрлөгдөж болох бүхий л зүйлсээр дамждаг.
Тиймээс экспортод гарч буй махны сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл, жолоочийн хувцас, хэрэглэлээр шүлхий дамжих магадлал өндөр.
Хүмүүс шүлхийтэй малын мах авчихна гэж айж байна. Мэргэжлийн байгууллагаас өвчний голомтот газрыг зарлаж, сэжигтэй мал, мах худалдаж авсан бол яах вэ гэсэн зөвлөмж гаргах хэрэгтэй. Шүлхийгээр өвчилсөн малын махыг идэхэд хүнд ямар ч аюулгүй. Хүнд халддаг өвчин биш. Гэхдээ өвчтэй малын мах мэдээж өнгө, үнэр өөрчлөлт орсон, амт, чанаргүй л байна.
Хамгийн гол асуудал нь өвчний голомтоос гарсан мал амьтан, махаар дамжин халдвар дамжих эрсдэл өндөр. Өөрөөр хэлбэл, эрүүл бүс нутагт шүлхийн вирус тархах эрсдэлтэй.
Махны экспортын хувьд адууны мах, боловсруулсан бүтээгдэхүүн гарах болов уу. Хонь, ямаа, үхрийн махны экспорт мөддөө сэргэхгүй. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хяналтад авах зардал өндөр байдаг учраас эдийн засгийн хувьд ч ихээхэн хохиролтой юм.
-Жил болгон нь шүлхий гарлаа, дэгдлээ гэдэг. Өвчилсөн малаа устгаад ч нэмэр алга байна. Цаашдаа төрөөс энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж та боддог вэ?
-Баруун таван аймгийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгох гэж сүүлийн жилүүдэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан. Гэвч өдийг хүртэл үр дүн гарсангүй. Одоо улсын хэмжээнд шүлхийн голомтгүй бүс байхгүй болчихлоо. Өмнө нь шүлхий өвчин хил дамжин манай улсад "импортлогддог" байсан бол одоо нутагшмал болж байна.
Өвчний голомт хаа сайгүй болчихсон эндемик улс орнуудад шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй. Клиник шинж тэмдэг илрэхгүй далд халдвартай, шүлхийн халдварыг тарааж байгаа мал цаана нь байнга үлдэж байдаг. Энэ төрлийн малын халдварлуулах чадвар нь шинж тэмдэгтэй малаас хэд дахин илүү байдаг. Иймээс малыг устгалд оруулах нь үр дүнгүй арга юм.
Жишээ нь, хүн дээр ярихад Covid-19-өөр өвдсөн хүмүүс нууц үедээ бусдад халдвар тарааж, эмч нар гэртээ аль болох хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байгаа шүү дээ. Түүнтэй адил шүлхийгээр өвдсөн малаа хотонд нь хорих ёстой.
-Ирэх хавраас малын гоц өвчин дахин дэгдэнэ гэж та анхааруулах болсон, яагаад, ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа юм бэ?
-Одоо шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж байгаа. Вакцин нь зургаан сарын хугацаанд өвчнөөс хамгаална. Мөн малчид өвөлжөөндөө буугаад, малын хөдөлгөөн татраад ирэх учраас халдварын дэгдэлт хэсэгтээ намжина. Гэхдээ шүлхийн вирус хүйтэнд илүү тэсвэртэй, олон голомттой болчихсон учраас үүсгэгч вирус нь байгальд хаа сайгүй байна гэсэн үг.
Мөн хонь, ямаанд шинж тэмдэг бүдэг илэрдэг учраас олон сая малын биед байна гэж ойлгох хэрэгтэй. Иймээс ирэх хавар өвчний дэгдэлт эргэж сэргэх магадлалтай учраас угтуулж бэлэн байдлаа хангах хэрэгтэй юм. Халдварын хэлхээг таслахын тулд оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Энэ жил шүлхий өвчнөөс гадна шинээр үхрийн арьс товруутах өвчин дэгдсэн. Энэ өвчний эсрэг вакцин байхгүй гэсэн үү?
-Үхрийн арьс товруутах өвчин нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй. Энэ өвчин нь Африкаас гаралтай бөгөөд 1940-1950 оны үед Африкийн улс орнуудад тархаж, дараа нь Ойрхи Дорнодын орнууд бүртгэгдэж, Зүүн европоос Азийн орнууд руу тархаж буй шинэ өвчин. Хөрш зэргэлдээ орнуудад ч гарч байгаа.
Манайд энэ өвчний эсрэг вакцин байхгүй, өмнө нь гарч байгаагүй учраас муу судлагдсан. Тэрчлэн ялаа, шумууулаар дамжин халдварлаж байгаа учраас хяналтад оруулах их төвөгтэй өвчин.
-Малчдын хувьд малын гоц халдварт өвчний талаар мэдлэг, мэдээлэлгүй байна уу?
-Малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Мэдээллийг нуух нь өөрөө маш аюултай. Хамгийн гол нь малчид, мал аж ахуйн эрхлэгчид үнэн зөв, шуурхай мэдээлэлгүй учраас хөрш, зэргэлдээ аймаг, суманд гарсан халдварт өвчнөөс малаа сэргийлж чадахгүй, сэрэмжгүй байна. Сүүлийн хоёр гурван жил малын гоц халдварт өвчний мэдээлэл нээлттэй байсан гэдэгт эргэлздэг.
Магадгүй үүний уршгаар өнөөдөр 18 аймагт малын гоц халдварт шүлхий өвчний халдвар тархчихлаа. Нөгөө талаар мал, мах, бүтээгдэхүүний худалдаа хийхээр тохиролцож, гарын үсэг зурсан протоколуудад хоёр тал өөрийн оронд гарсан гоц халдварт өвчний талаар мэдээллийг нээлттэй солилцоно гэж заасан байдаг. Энэ үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нь худалдааны түншийнхээ итгэлийг алдана л гэсэн үг.
Холбоотой мэдээ