Олон улс ирэх арванхоёрдугаар сараас хилээ нээж, олон улсын нислэгүүд хүлээж авч эхлэхээ мэдээлсэн. Тэгвэл Монгол Улс аль аль орон руу хэзээ хуваарьт нислэгээ сэргээхийг тодрууллаа.
Ирэх сар буюу 12-р сарын нислэгийн хуваарь батлагдаж, нийт 45 хуваарьт нислэг үйлдэхээр болжээ. Үүнээс гадна ОХУ хилээ нээж байгаатай холбогдуулан ирэх сараас эхлэн долоо хоног бүр Улаанбаатараас Эрхүү болон Улан-Үдэ хотруу шууд нислэг хийхээр болжээ.
Тодруулбал, долоо хоног бүрийн Лхагва гаригт Эрхүү чиглэлд, Бямба гаригт Улан-Үдэ чиглэлд хуваарьт нислэг үйлдэнэ. Харин Улаанбаатар-Москва чиглэлд шууд нислэг хийх эсэх нь тодорхой бус байгаа аж.
Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн хуваарь гарсан хэдий ч Монгол улсаас очиж байгаа иргэдээс халдварын тохиолдол илэрвэл нислэг дахин хойшлогдохыг албаныхан анхаарууллаа.
Түүнчлэн АНУ хилээ нээсэн. Гэвч тухайн улсаас бусад оронд тавигдах шаардлага өндөр, Монголоос зорчигч урсгал бага байгаа тул одоогоор хуваарьт нислэг хийх боломжгүй талаар ИНЕГ болон “МИАТ” ТӨХК хэлж байна.
Тодруулбал, бусад орноор дамжин АНУ руу зорчих зорчигчдод (визтэй иргэд) дараах шаардлагыг тавьж байна. Үүнд, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх, Covid-19 вирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг нислэг эхлэхээс 72 цагийн өмнө өгч, сөрөг хариуг авсан байх, агаарын тээвэр ашиглан тус улс руу зорчиж буй иргэд үйлчлүүлсэн авиа компанидаа эргэн холбоо барих мэдээллээ өгсөх байх мөн Нийтийн тээвэр болон дотор орчинд заавал амны хаалт зүүх гэм мэт шаардлагыг тавьж байна.
Г.ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ