Аж ахуйн нэгжүүд дархлаа дэмжих нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна | News.MN

Аж ахуйн нэгжүүд дархлаа дэмжих нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Аж ахуйн нэгжүүд дархлаа дэмжих нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Улс орон даяар дархлаа дэмжих нэмэлт тунд аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдаж эхэллээ. Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, харилцагчдаа хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өөрсдийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ийнхүү дархлаажуулалтын аянд нэгджээ. Тухайлбал, МҮХАҮТ, “Наран фүүдс”, “Алтай ложистик” зэрэг компанийн хамт олон III тундаа хамрагдсан байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахлын нөлөөг хамгийн их мэдэрсэн хэсэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Аялал жуулчлалын салбар гэхэд мөнгөн дүнгээр гурван их наяд төгрөгийн алдагдалд орж, үйл ажиллагаа нь доголдсон билээ. Дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар сэргэх, үйлчилгээний салбар хэвийн байдалд шилжих эсэхийг нэмэлт тунгийн үр дүн шийдэхээр байна.


Бизнесийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд худалдаа, үйлчилгээ, хүн
с, тээвэр тэргүүтэй салбарын ажилтан, албан хаагчид нэмэлт тундаа түлхүү хамрагдаж буй. “Алтай ложистик”компанийн Тээврийн баазад Дархлаажуулалтын явуулын баг ажиллаж, 40 орчим ажилтныг дархлаажуулжээ. Ингэснээр тус компанийн нийт ажилчид III тундаа бүрэн хамрагдаж, хэвийн горимд шилжсэн байна. Ложистикийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж ирсэн “Алтай ложистик” эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэж байгаагаа нийгмийн хариуцлага хэмээн онцолсон юм.


Цар тахал намжихаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаях хэрэгтэй. Үүнийг хэсэгхэн хугацааны асуудал гэж бизнесээ төлөвлөж хэрхэвч болохгүй
нь. Яагаад гэвэл эдийн засгийн хямрал үргэлжилж, шинэ коронавирусийн өөр төрлүүд дэлхийн улс орнуудад бүртгэгдэж байгаа тул эрсдэл холдсон гэж үзэх боломжгүй юм.

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар цар тахлаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байна. Энэхүү гэнэтийн нөхцөл байдал нь дэлхий дахины эдийн засаг, санхүүгийн зах зээл, бизнесийн орчинд асар хүчтэй нөлөөлж, хүмүүс ажлын байраа алдах эрсдэлийг авчирсан юм. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбар хэвийн горимдоо шилжих, жигдрэх, зах зээлд итгэх итгэл сэргэх, эрэлт нэмэгдэх, эдийн засаг уналт удаашрах, өсөлтийн хөрс суурь бүрдэхэд дархлаажуулалтын нэмэлт тун онцгой үүрэг гүйцэтгээд байна.

Цар тахлын нөлөөгөөр үүссэн тодорхойгүй байдал өнөө түгшүүр зарласан хэвээр. Үүнийг зөөллөх, эдийн засгийг эрчимжүүлэхэд III тунгийн ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн урт хугацааны хямрал, хүндрэлээс гарах, эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалахад нэмэлт тун чухал билээ. Герман улсад намжаад байсан цар тахан дахин тархаж, өдөрт 50 гаруй мянган хүн шинээр өвдөж байна. Үүнийг бууруулах, цар тахлын хүрээг цаашид хумихын тулд нэмэлт тунг холбогдох эрүүл мэндийн салбарынхан иргэддээ санал болгож байна. Үүний нэгэн адил манай улсын Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг олон нийтэд уриалж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж