Эерэг гарчихлаа, эмч ээ ирж үзээрэй гэдэг тохиолдол буурч, өрхийн эмнэлгийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос багасч эхэлсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудал хүндэрч, эмч олдохгүй байна гэж бухимдах иргэдийн гомдол тасраагүй.
Харин одоо хэсэгхэн хугацаанд ч болов цар тахлын ачаалал буурч, үндсэн үйлчилгээгээ хэвийн явуулах боломжтой болжээ. Гэсэн ч эерэг гарсан тестээ барьж ирж, эмчийг бухимдуулдаг хэвээрээ аж.
Тест оношлуур, товлолт вакцин, түргэвчилсэн шинжилгээ гэж түм түжигнэж, иргэдийн маргаан тасардаггүй эмнэлгүүд өнөөдөр нам гүм болжээ. Covid-19-ийн өвчлөлийн батлагдах тохиолдол багасч, томоохон эмнэлгүүд орны нөөцөө багасгаснаар эмнэлгийн ачаалал сая нэг буурсан гэх мэдээ гарав.
Өрхийн эмнэлгийн үүдээр ороход чимээгүй бөгөөд тайван орчин, эмч нар үзлэгийн цагтаа хүнээ хүлээж авч байв. Ихэнх эмч нар нь гадуур үзлэгээ хариуцаж, эмнэлэгт 1-2 эмч, сувилагчид сууна. Гэхдээ тэд хором ч зүгээр суухгүй, утсаар зөвлөгөө өгч, эмнэлгийн багцаа ингэж авна шүү гэх мэт зөвлөгөө өгч харагдана. Цагаан халат залуухан эмч Covid-19-ийн ид ачааллын үеэр гэртээ очиж бараагаа харуулсан нь ховорхон байхад хүмүүс их өөдгүй харилцаж байсныг дурсан ярина. Цаг цагаараа байдаггүй гэгчээр цар тахал хэзээ нэгэн өдөр дуусч л таараа. Харин тэр үед өнөөдрийн туулсан зүйлсээ яриад сууна гэдэг бахархал.
НАМ ГҮМ ТАНИЛ БУС ОРЧНЫГ НОДНИН ЖИЛЭЭС ХОЙШ ХАРААГҮЙ УДЖЭЭ
Бүхий л шатны тусламж үйлчилгээний эхлэл цэг нь Өрхийн эрүүл мэндийн төв. Тус төвөөс хүн анхан шатны зөвлөгөө, үйлчилгээ, эмчилгээ авдаг. Үүнийг нь ачааллын үеэр золиос болгосон талууд ч бий. Тухайлбал, томоохон эмнэлгүүд өвчтөнийг өрхдөө ханд, өрхөөс чинь бичиг хийж өгнө, үзлэг, орны дарааллыг бүгдийг өрх хариуцаж байгаа гэдгээс иргэд болоод эмч, сувилагчдын дунд үл ойлголцол нэлээд үүссэн. Үүнийг ч бид сурвалжилж, улаан бүсээ анхаарахыг сануулж байв. Харин одоо товлолт вакцинаа хийлгэхээр ирсэн нярай, цээжээ чагнуулж, ханиадны эм бичүүлэхээр ирсэн хүн болоод багц авахаар ирж буй Covid-19-ийн халдвартай хүмүүсийн ар гэрийнхэн л ирэх болсон байна. Нэг л танил бус орчин.
Сарын өмнө ирэхэд өрхийн эмнэлгийн үүдэнд түргэвчилсэн шинжилгээний тестээ булаацалдаж, зодолдох нь холгүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ. Эмч, сувилагчид ч амсхийх завдал гарсанд талархаж байгаагаа хэлж байв.
Хамгийн гол нь халдварт өвчний үед хүн бүр хариуцлагатай байхыг сануулж, ойр тойрны хүмүүс рүүгээ дайрдаг, гүтгэдэг сэтгэлгээгээ хаях хэрэгтэй санагдсанаа эмч нар хуваалцсан юм. Ямартай ч эмнэлгийн ачаалал буурсан. Энэ нь гэхдээ түр зуурынх байвал яана. Халдвар дахин мутацилагдаж, харьяа өрхийн эмнэлэгтээ хандах хүн дахин нэмэгдэхгүй гэсэн эрсдэлгүй. Үүнийг ч эмч нар сануулж байна.
ЗАСГИЙН ГАЗРААС ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭЖ БОЛНО ГЭСЭН БОЛОХООР ХАЛДВАР ДАХИН ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР
БЗД-ийн “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ш.Баярчимэг:
-Халдварын тархалт харьцангуй хумигдаж, эмнэлгийн байгууллагуудын ачаалал буурсан. Гэхдээ энэ нь эргээд халдварын тархалт өсөхгүй гэсэн баталгаа биш. Засгийн газраас хувийн хэвшлийн байгууллагууд шинэ жил тэмдэглэж болно гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр өвчлөлийн тохиолдол өсөх нь тодорхой. Дотоод орчинд амны хаалт зүүж, баярлах хүн байхгүй. Халдвар хамгаалалтын дэглэм алдагдана. Тэгэхлээр ирэх сард ачаалал дахин өснө гэж бодож байна. Баяр ёслолын арга хэмжээтэй холбоотойгоор Covid-19-өөр хандах хүмүүс нэмэгдэх байх.
Мөн энэ жил өнгөрсөн онтой харьцуулахад томуугийн тохиолдол нэмэгдсэн. Өнгөрсөн оны өдийд хөл хорио тогтоосон учир томуу, ханиадаар өвдөх хүмүүсийн тоо бага байсан.
Одоо бол Covid-19-өөр өвдсөн хүмүүсээс гадна улирлын томуугаар өвдсөн шинж тэмдэгтэй хүмүүс их хандаж, эмчилгээ, зөвлөгөө авч байна. Манай эмнэлэг бусад хороодтой харьцуулахад ачаалал бага. Covid-19-ийн тархалт өндөр байхад хоногт хамгийн багадаа 100 хүнд эмчилгээ, зөвлөгөө өгдөг байсан бол одоо өдөрт 20 хүнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, үндсэн ажил үүргийнхээ хүрээнд ажиллаж байна.
Ачаалал тодорхой хэмжээнд буурч байгаа ч хүмүүсийн харилцаа хандлага доголдолтой хэвээр л байна. Тангараг өргөсөн байж гэж загнана. Хэдий тангараг өргөсөн эмч хүн байлаа гээд ядарч, өвдөж болохгүй гэсэн хууль байхгүй. Хүн бүр л өвдөнө. Гэтэл эрх барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа адилхан тангараг өргөөд албан тушаалд суусан хүмүүсээс хариуцлага нэхэж чадахгүй байж эмч, сувилагчид руу дайрах нь онцгүй санагддаг. Одоо дараагийн давлагаа боллоо гэхэд бид дахиад л улаан бүсийн бэлэн байдалдаа шилжинэ шүү дээ.
Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл иргэд гэрээрээ өөрийгөө тестлех нь маш их нэмэгдсэн. Гэхдээ шинж тэмдэг илрээд байгаа ч өөрөө дур мэдэн вирусийн эм ууж байгаад хэд хоногийн давтамжтай түргэвчилсэн тестээр үзэхээр сөрөг гараад байгаа. Вирусийн эм, бэлдмэл уусан тохиолдолд шинж тэмдэг байгаа бол заавал PCR өгөх нь зөв.
Үүний дараа эмчилгээгээ тохируулан эхэлнэ гэсэн үг. Түүнээс би Covid-19-тэй байж магадгүй гээд л дур мэдэн эм ууж болохгүй.
ЭМЧ НАРЫН ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨГ ҮЛ ТООЖ, ЭЕРЭГ ГАРСАН Ч ЭМНЭЛЭГТ БИЕЭР ИРЖ БАЙГАА
Бид эмчээс асуухад эерэг гарсан хариугаа бариад эмнэлэгт хандах тохиолдол байсан хэвээр гэв. Тэгвэл тэдгээр иргэд яагаад утсаар зөвлөгөө авч, багцаа гэртээ авч болохгүй байгааг асуухад гайхаж, сандарсан хүмүүс өөрсдөө эмнэлэгт ирж ханддаг байх. Уг нь эмч, сувилагч, хорооны нийгмийн ажилтнууд бүгд л гэрээсээ гарч болохгүйг сануулдаг гэсэн юм. Харин орилж, хашхирч тусламж шаардах, орны оочерт яаралтай багтаахыг гуйх иргэд үнэхээр буурчээ. Эмч нарын компьютер дээрх Covid-19-тэй хүмүүстэй харилцах утасны дугаарын жагсаалтыг харахад оргил үеэсээ 4-5 дахин бага харагдав. Гэхдээ нэг эмч үндсэн үзлэгийн хажуугаар 15-20 минут утсаар зөвлөгөө өгдөг хэвээрээ байна.
Цагаан, цэнхэр өнгийн өлгүүрт өлгөөтэй хувцасны хажууд нэг удаагийн улавч, ариутгалын хэсгийг тусдана гаргаж өгчээ. Сарын өмнө ирэхэд эмнэлгийн коридорт дүүрэн хүн оочерлож, нэг удаагийн улавчийг дүүргээд тавих хооронд л дуусч байсан бол одоо өөрчлөгджээ. Баярт мэдээ хэдий ч дараагийн давлагаа эхэлбэл өмнөхөөс хэр ачаалалтай байх бол. Одоогийн байдлаар өрхдөө хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь Covid-19-ийн бус шалтгаанаар хандаж буй аж. Тухайлбал, ханиад томуу болоод хөнгөлөлттэй эм гэх мэт байна.
COVID-19-ТЭЙ ИЖИЛ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ХАНИАД БАЙГАА УЧИР PCR ӨГЧ, МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ НЬ ЗӨВ
“Энх сүндэр” ӨЭМТ-ийн эмч Б.Анударь:
-Оргил ачааллын үед 100-150 хүн өрхөд хандаж, нэг эмчид багадаа 30 хүн ногдож байсан. Одоо бол энэ тоо харьцангуй буурч байна. Ингэснээр эмч нар төдийгүй үндсэн үйлчилгээ авах иргэдэд учрах хүндрэл ч буурсан. Мөн хичээл сургууль танхимаар орж байгаатай холбоотой улирлын томуугийн тархалт нэмэгдэж байна. Гэхдээ хүн бүр амны хаалт тогтмол зүүдэг болсон болохоор өнгөрсөн жилүүдийнхнтэй харьцуулбал бага.
Covid-19-өөс гадна өөр вирусээр үүсгэгдсэн ханиад, томуугийн халдвар байгаа. Шинж тэмдэг нь хүчтэй, Covid-19-тэй хүнд илрэх зовиур илрэх тохиолдол байгаа.
Вирусийн гаралтай учраас эм уугаад л эдгэнэ гэж байхгүй. Заавал PCR шинжилгээ өгч байж, эмчид үзүүлж эм бичүүлж, зөвлөгөө авах нь зөв. Түүнээс Covid-19-тэй адил шинж тэмдэг илэрдэг ханиад байгаа гээд тайвширч болохгүй. Цар тахлын тархалт цаашид энэ хэвээр буурах байх гэж бодож байна.
Одоо ачаалал буурснаас гадна орны нөөц асуудалгүй болсон. Бид шаардлагатай иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол тандалтын багаар дамжуулж хэвтүүлж байгаа.
Иргэд халдварын тархалт буурлаа гээд тайвширч болохгүй. Ханиад, томуугийн улирал болохоор эрсдэлээс урьдчилан сэргийлж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахих нь чухал.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал буурсан ч халдвар хамгаалалтыг чандлан сахих нь дараагийн эрсдэлээс хамгаална. Тиймээс эм бэлдмэл ууж, вирусийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө уламжлалт арга буюу аарц, сүүтэй сармис зэргийг буцалгаж ууж даарч хөрөхгүйгээр дархлаагаа дэмжихийг эмч нар зөвлөлөө. Мөн халдварын дараах хам шинж үргэлжлэх 3-6 сарын дотор аль болох гам барих нь зүйтэй байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ