NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг онцолж байна.
Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сууж байгаа ч гавьяатай хийж гийгүүлсэн юмгүй нэгэн. УИХ-д 12 жил сууж байгаа гэхэд олигтой санаачилсан нэг хууль байхгүй. Ярьдаг юм нь "Оюутолгойн гэрээ буруу болсон, гадны том уул уурхайн компаниуд Монголыг идэж сөнөөлөө" гэж попрох. Түүний хувьд 2012 оны сонгуулиар дорнодынхны гурилын хэрэгцээний нэг хэсгийг гаргаад л сонгогдчихсон. Х.Болорчулууныг "Дорнод гурил" ХХК-ний захирал гэдгээр нь андахгүй. 2016-2020 онд нэгэнт ялах нь тодорхой МАН-ын батлахыг өвөртөлж очоод дахиад сонгогдчихсон азтай нэгэн.
Бизнесийн салбараас улстөрд урваж, сонгогдсон цагаасаа хойш Х.Болорчулуун Оюутолгой болоод уул уурхайн талаар ярьдаг ганц сэдэвтэй. Тэрбээр өнөөдрийг хүртэл Оюутолгой, уул уурхай ярьсаар яваа. Тиймдээ ч энэ сарын эхэнд түүнийг хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдахад "Оюутолгой"-гоос болж гүтгэж байна" гэх тайлбарыг өөрөө өгсөн байдаг.
Х.Болорчулуун УИХ дээр Оюутолгойн талаар байнга попорч ирсэн ч 2019 онд тус компанийг шалгасан ажлын хэсгийн гишүүний хуралдаа огт суугаагүйг нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва улалзтал хэлж байлаа. Д.Тэрбишдагва "Би Х.Болорчулуун гишүүнийг шударга залуу юм болов уу гэж бодож байсан ч үгүй юм билээ. Ажлыг худлаа популимз байдлаар хийж болохгүй. Оюутолгойн ажлын хэсэгт Х.Болорчулуун орж ажилласан. Гэсэн ч хуралдаа суугаагүй. Хуралдъя гээд дуудаад байхад ирэхгүй хүнийг би яах вэ. Нэг сэдэв дундаас хэсэгчилж ярьдаг, улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудал" гэдгийг онцолж байв. Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун популизм хийдэг ч хэлж ярьж байгаагаа ажил хэрэг болгоход үйлдэл хийдэггүй нэгэн гэж тодорхойлж болохоор. Мөн 2019 оны арваннэгдүгээр сард МАН-ын бүлгийн хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх үеэр Х.Болорчулуун Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг "Оюутолгойн гэрээг өмөөрдөг авлигач" гээд шанаа хүртэж байсан гэдэг.
Дорнод нутгийнхнаас гурвантаа сонгогдсон Х.Болорчулуун улстөрчийн хувьд өөрийн гэсэн өнгө, санаачилж, автор болгосон хуульгүй. Харин УИХ-ын гишүүдтэй хамтарсан хуулийн төслүүд түүнд олон бий. Улстөрчийн хувьд аль нэг фракц гэхээс илүү Ц.Даваасүрэнтэй хавсарч, популизм хийдэг гэж түүнийг дүгнэдэг, улс төрийн хүрээнийхэн. Бүр УИХ дахь популистууд гэж тодорхойлох нь ч бий. Популистуудад улс орны эрх ашиг гэхээс илүү өөрсдийн эрх мэдлийн төлөө, тодорхой эрх ашгийн төлөө дугардаг гэсэн нийтлэг ойлголт бий. Дэлхий нийтийг айдаст автуулсан Covid-19-ийн халдвар Х.Болорчулуун гишүүн шиг хүү нь халдвар авч, "тарваган шийр" уугаад эдгэчихсэн, цар тахлаар улс төр хийж байна гэж хэлэх улстөрч тун цөөн. УИХ-д гурван удаа сонгогдохдоо ард түмэнд хэрэгтэй, тэдний амьдралыг өөрчилсөн чухал хуулийн төслийг өөрөө санаачлаад, тэр нь үр дүнгээ өгсөн хуульгүй учраас өөрийн гэсэн имижгүй, автор хуульгүй гэж тодорхойлдог хүмүүсийн тоонд Х.Болорчулууныг нэрлэдэг нь ч учиртай биз ээ.
Х.Болорчулуу улстөрөөс гадна морь сонирхогч улстөрчдийн нэг. Тэрбээр аймгийн алдарт уяач цолтой.
ЖДҮ-ЧИН ГИШҮҮН 2.5 ТЭРБУМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ
Түүнийг 2018 онд ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж дууссад нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, Х.Болорчулуун 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компаниараа авчихсан гэх. Хамаарал бүхий компани гэдэг нь түүний үүсгэн байгуулж, өнөө ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг “Дорнод гурил” компани. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэтэрхий буруутгах өрөөсгөл. ЖДҮ-г улс төр болгож сэвлээ л дээ. Ярьж байгаа хүмүүсийг нь хараад байхад ганц удаа хүрз барьж, хөлс гаргаж ажил хийж үзээгүй цагаан гартнууд хамгийн чанга хашгирч байна. Тэгснээрээ хоолоо олж иддэг байх. Монголд ЖДҮ битгий хэл үйлдвэрлэл хөгжөөгүй шүү дээ” гэж уурсч байв.
Түүгээр зогсохгүй гурил үйлдвэрлэгч учраас Тариалан эрхлэгчдийн дэмжих сангийн "байнгын үйлчлүүлэгч". Учир нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бодлогын хувьд тариалан эрхлэгчдийг, дотоодын гурил үйлдвэрлэгчдийг татварын хөнгөлөлт болоод мөнгөн тэтгэмжийг тасралтгүй олгодог. Тиймээс тэрбээр эдгээр сангийн болон тус яамны хөнгөлөлтийг тогтмол авдаг нэгэн. Төрд, улстөрд ороод бизнесээ ч өргөжүүлдэг, улс төрийн карьераа ч өсгөж, хослуулдаг цөөн улстөрчдийн нэг нь Х.Болорчулуун юм.
Түүний 2020 оны жилийн орлого 77.1 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь зургаан сая төгрөг. Тэрбээр хоёр нийтийн орон сууц, хашаа байшин, үйлчилгээний зориулалттай орон сууцтай, харин оффисоо 2.5 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Түүнлчэн 242 сая төгрөгийн хадгаламж, 80 сая төгрөгийн автомашинтай. 216 адуугаа 98 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Х.БОЛОРЧУЛУУНЫ НАМТАР
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль агрономич мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
- 1990-1992 онд Булган суманд агрономич
- 1992-1997 онд "Хишиг аж ахуй" компаний захирал
- 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ний захирал
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
Шагнал:
- 1998 онд Алтангадас одон
- 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл:
- Орос
Холбоотой мэдээ