Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч өнөөдөр /2021.11.22/ уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцлов.
Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид Оюутолгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.