Хөдөө аж ахуйг сэргээхээр 31 улс Монголд чуулж байна | News.MN

Хөдөө аж ахуйг сэргээхээр 31 улс Монголд чуулж байна

Хөдөө аж ахуйг сэргээхээр 31 улс Монголд чуулж байна

Хөдөө аж ахуйг сэргээхээр 31 улс Монголд чуулж байна

Цар тахлын үед улс орон бүрт тулгамдаж буй асуудал, даван туулах туршлага, тогтвортой хөгжлийн зорилго, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг онцлох сэдвүүдийн хүрээнд "APCAS-29" өнөөдөр /2021.11.22/ эхэллээ. Тус олон улсын хурал нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулахад бүсийн туршлага, бусад улс орны нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах давуу талтай юм.

ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ШИЙДЛИЙГ ОЛОХООР ТУСГАЙ КОМИСС ЭЭЛЖИТ ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ажуха:

-Энэхүү хурал 1966 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулдаг. Онцлогийн тухайд авч үзвэл, хуралд нийт 31 орны 300 орчим төлөөлөгч оролцож, асуудал, шийдлийг эрэлхийлж мэдээлэл солилцож байна. Хөдөө аж ахуйн салбарт бодлогыг хэрэгжүүлэхэд бүхий л чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Харин энэ удаа тогтвортой хөгжлийн зорилтод хяналт тавих, биелэлтийг хангахад юу нөлөөлж байгааг эрэлхийлэхэд чиглэж байна. Хөдөө аж ахуйн салбарт үнэн, бодит статистикийн нөлөө их бий. Тухайлбал, бодит өгөгдөлд тулгуурлан дүгнэлт гаргаснаар тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж, цаашдын зорилгод хүрэхэд ахиц гарах боломжтой юм.

Ази-Номхон далайн бүх орон хамрагдсан энэхүү хурлын бүтцийн хувьд техникийн үйл ажиллагааг ярилцахаас гадна, Засгийн газарт ямар дэмжлэг хэрэгтэй байдаг талаар шийдэл гаргадаг. Үүнээс гадна тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд юун дээр түлхүү анхаарах нь чухал гэдгийг хэлэлцэнэ.

Цар тахлаас хамааралтайгаар 2030 онд хүрсэн байх ёстой тогтвортой хөгжлийн зорилгуудын зарим зорилт зогсонги байдалд хүрэх эрсдэлтэй байна. Тиймээс хурлаар шийдлийг эрэлхийлэх хүрээнд гарц гаргалгааг хэлэлцэнэ гэж ойлгож болно.

НАРИЙВЧИЛСАН ӨГӨГДӨЛД ТУЛГУУРЛАСАН ДҮГНЭЛТ ГАРГАЖ, БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГААС СУРАЛЦАНА

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-“APCAS” хурлын онцлог нь зөвхөн мэдээлэл солилцох биш бөгөөд тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа туршлага зэргийг солилцох ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувь, экспортын зургаан хувийг бүрдүүлдэг. Тэгэхлээр энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах, шинэлэг технологиудыг нэвтрүүлэх, тоон өгөгдлийг боловсронгуй гаргах, нэгтгэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нэгдсэн нарийвчилсан өгөгдөлд тулгуурлаж, статистикийг гаргахыг зорьж байгаа. Ингэснээр бусад улс орноос суралцах төдийгүй Монгол Улсын хөдөө аж ахуйн цаашдын хөгжилд өндөр хувь нэмэр оруулна.

Монгол Улсын хувьд хиймэл дагуулын зураг ашиглан газар тариалангийн талбай болон ургац хураалтыг буудай, рапс, төмс, лууван гэх мэт ургамлын нэр төрлөөр нь тооцох алсын зайнаас тандан судлах шинэ аргачлал туршиж байгаа нь онцлог. Тиймээс хөдөө аж, ахуйн салбарын өгөгдлийг боловсруулах хэрэгцээ зайлшгүй гарч буй аж.

Тус комисс Ази номхон далайн бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн статистикийн хэрэгцээ шаардлагад онцгойлон анхаарч, хөдөө аж ахуйн статистикчид, мэргэжилтнүүдийг нэгтгэж, дүгнэлт гаргадаг учир зохион байгуулалтын хувьд цар тахалтай ч өндөр түвшинд хийж байгаагаараа онцлог байна. Мөн дэлхийн олон оронд тулгамдаж буй тогтвортой хөгжлийн зорилгын нэгээхэн хэсэг болох өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын олон хэлбэрийг тодорхойлоход үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ талаар уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ажуха хэлэхдээ “Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 729-811 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь 2019 онтой харьцуулахад 118 саяар өссөн үзүүлэлт. Энэ өсөлт нь Монгол, Шинэ зеланд, Зүүн Тиморын хүн амыг нийлүүлсэн дүнгээс ч их байна. Уг өсөлтөд цар тахал голлон нөлөөлсөн” гэдгийг онцолсон. Тэгэхлээр 29 дэх удаагийн Ази-Номхон далайн орнуудын хөдөө аж ахуйн статистикийн комиссын уулзалтаар Covid-19-ийн нөлөөлөл энэ салбарт хэр нөлөөлж байгааг харгалзаж, шийдлийг гаргах аж.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурал энэ сарын 22-25-нд Монгол Улсад болно. Хоёр жил тутамд зохион байгуулж буй хурлыг энэ онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Onoch 2021-11-22 66.181.161.26

Шал утгагүй цаг үрсэн ажил. НҮБ гэж ажил хийдэггүй, мөнгө өөрсдөө идэнгээ тусалсан дүр үзүүлдэг байгууллага. Олон улсын авилгачдын нэгдсэн байгууллага.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж