Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Бидний “гэм зэм”

Бидний “гэм зэм”

Ф.И Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн жүжгийн тасалбар 100 мянга. Сошиалаар дүүрэн үнийг нь гайхсан муулсан сэтгэгдлүүд. Хүмүүс ээ, бүх зүйлийн үнийг барьдаггүй зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа умартсан нь бидний гэм зэм биш биз. Оюунаасаа асгарсан бүтээлээ хүн 100 мянга байтугай 100 саяар ч үнэлж болох нийгэмд бид аж төрж буй бус уу. “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд санхүүжүүлэн "Фауст" жүжгийг жилийн өмнө тавьж байлаа. Гүн ухаанч сэтгэгч Гете-гийн Фаустаас өнөөдрийнхөө үнэнг л олж харахыг найруулагчид болон уран бүтээлийн багийнхан хүссэн. 32 тэрбумын төсөвтэй Богдзонховын дүрийг гурван тэрбумаар бариад 29 тэрбумыг нь халаасалж байгаа хүмүүсийн гэм зэмийг ч шинэ цагийн найруулагч найруулагч М.Батболд гэм зэм жүжгээрээ харуулах гэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөсөө асгаж өнөөгийн нийгмийн оюун санаанд гэрэл асаах гэсэн найруулагчийн бүтээлээсээ үнэлсэн өртөг гэм зэм мэт санагдаж байгаа бол төсвөөс санхүүжиж төрөөр угжуулсан УДЭТ-ын “Хаадын хаан. Андгай” жүжгийн нээлтийн тасалбар 150 мянга байсан гэдгийг та мэдсэн үү .

Жүжгээс илүү нэгэн “интершум” утсаа шагайсан ч, телевиз асаасан ч харагдаж, сонсогдоод өндөрөө авсан нь тасалбарын үнэ. Үзэгчдэд 100 мянган төгрөгөөр  жүжгийн тасалбарыг санал болгож буй нь ийн шуугианд хүргэжээ. 100 мянган. Өндөр үнэ эсвэл бага мөнгө..?

Бидний амьдрал харилцан адилгүй учраас энэ мөнгө тухайн хүнээсээ шалтгаалан заримд нь ялих, шалихгүй мөнгө бол заримынх нь хувьд амьдралаа залгуулдаг мөнгө ч байж мэднэ л гэнэ. Дундаж бааранд бол нэг шил хатуу сархад авч болох мөнгө бол хоолны газарт арвуулаа, ресторанд хоёулаа “тансаглачихна”. “Хүчит шонхор”-оос бол 10 кг мах авч дөнгөх бол нярай хүүхдийн хоёр сарын живхний хэрэгцээг өлхөн авч хүрэлцэнэ. Өндөр зэрэглэлийн ресторанд бол энэ мөнгөөр ус, ундааханд солих нь дамжиггүй ч гэх шиг.

Гээд дуусахгүй, харьцуулалт.

Гэхдээ бид юун хэдэн төгрөг зарцуулбал зүйд нийцнэ гэж үзэхээс л аливаа зүйлийн боломжит үнэ тогтох бололтой. Байнга ресторанд иддэг тансаг хоолны зургаа оруулагч залуу “Цар тахлын хүндхэн үед арай л өндөр үнэтэй байна” гэж бичихийг “зөв” эсвэл “буруу” гэж дүгнэхээс илүүтэй түүний хандлага ямар байна вэ гэдгийг л харуулаад буй хэрэг. Гэтэл өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай юутан 7 хоногийнхоо цалингаар тасалбар аваад догдлон сууж байж  ч болно. Бас л түүний хандлага. Бааранд багын нөхөртэйгөө ганц юм хугаслаад тэр хэмжээний мөнгө төлөхдөө боломжийн гэж ойлгодог бол тэр л биз.

Харин “Гэм зэм”-ийн төлбөрт 100 мянган төгрөг ихэднэ, багадна гэхээсээ илүү бодох хэрэгтэй.

“Гэм зэм” романаар нэг биш удаа дэлгэцийн бүтээл хийгдсэн ч романыг нь уншсан уншигчдад таалагдсан нь ховор. Суут Чайковский ч өөрийнхөөрөө “Гэм зэм”-ийг бүжгэн жүжиг болгосон гэдэг. Хүүрнэл зохиолын сонгодог жишээ болсон эл романы жүжгийн зохиол болгох боломжгүй гэцгээдэг. Харин залуус болгожээ. Болгохоор барахгүй өөрсдийнхөөрөө нээсэн “Гэм зэм”-ийг санал болгож байна.

Ф.М.Достоевскийн 1866 онд бичсэн “Гэм зэм”-ийг өнөө цагийн уран бүтээлч залуус хэрхэн өөрсдийнхөөрөө бүтээж, сэтгэл зүйн төрлийн жүжиг болгон амилуулах эсвэл бүтэлгүйтсэн гэдгийг хэлэх эрт байна. Хорвоог хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсээр мэдэрч, давхар стандарыг эсэргүүцэн цус нь булгилж, хорсолтойгоор үзэн ядах шинэ цагийн залуус, тэдний төлөөлөл болсон уран бүтээлчид хэрхэн асч, шаналж, буцалж, булгилж энэ “нүсэр” зохиолыг барьж авсныг хэн мэдлээ. Хүн төрөлхтөний мөнхийн дагуулын мөн чанарыг уудлан үзүүлэх ч юм бил үү, бүү мэд шүү дээ.

Харин тасалбартаа таарсан уран бүтээл болсон эсэх нь дараа нь ярих асуудал.

Бидний өнөөгийн бодит “гэм зэм” нь бусдыг эхлээд яллаж, бүгдийг хараар будаад, өөр өөрсдийн ялыг оноогоод хожим нь энгийн цагаан тагтаа мэтээр “сүлэрч” суудаг явдал болсон.

Залуу уран бүтээлчид төрөөс мөнгө тоншсонгүй, хэдэн тэрбумаар баригдах хөшөө бариагүй. Цар тахлын үед амны хаалт оруулж ирээд 10-20 дахин дамлах гэсэнгүй. Дэлхийн оюун санааны сор бүтээлийг хөгийн нийгэмдээ хүргэж, ганц болов гэрэл асаахаар явна.

100 мянга төгрөг гэдэг ерөөсөө урлагт тавих үнэлэмж эс бөгөөс шалгуур биш. Харин тэрхүү тасалбарын үнийг хараад хэрхэн хандан буй нь бидний “гэм зэм” байж мэднэ. Төрд шүгэлсэн “тийрэнгүүд”-ийн хажууд тэд буртаггүй буятнууд.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж