Хордсон самарнаас болгоомжлохыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Хордсон самарнаас болгоомжлохыг зөвлөв

Намрын улирал эхлэн жимс, жимсгэнэ, самар , мөөг зэргийг түүж хүнсний хэрэгцээндээ ашиглах, худалдан борлуулагчид олширсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад  ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх зорилгоор хор цацаж байгаа тул  тухайн бүс нутгуудаас жимс, жимсгэнэ, мөөг, самар зэргийг түүхдээ тухайн газар орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчид, нутгийн иргэдээс асууж тодруулах хэрэгтэй гэнэ.

Ихэнх химийн бордоо, хортон шавьж устгалын бодисыг хэрэглэсний дараа 7-21 хоногийн хооронд тухайн ургамал, жимс, жимсгэнийг хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглодог тул таримал болон байгальд зэрлэгээрээ ургасан жимс, жимсгэнэ, мөөг зэргийг түүж хүнсний хэрэгцээндээ ашиглахдаа тухайн талбай, хүлэмж, ой мод, газар оронд хортон шавьж, түүний өт, авгалдай, өвчин зэргийг устгахаар пестицид, гербицид цацсан, ургалтыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо зэргийг хэрэглэсэн эсэх, хэрэглээд хэдий хугацаа өнгөрснийг онцгой анхаарах шаардлагатай байдаг аж. 

Хэрэв энэхүү химийн гаралтай бордоо, хортон шавьж, ойн өвчин устгалын бодисууд нь хүний биед өндөр тунгаар орж хурц хордлого үзүүлэхээс гадна бага хэмжээгээр хүний биед орсон тохиолдолд хуримтлагдаж архаг хордлого үүсгэх, эрүүл мэндэд маш хортой нөлөөллийг үзүүлдэг байна. Тухайлбал, элэг, бөөр зэрэг цуллаг эрхтнийг гэмтээх, тархи болон мэдрэлийн тогтолцоог гэмтээх, цус багадалт үүсгэх,  өсөлт хөгжилтийг бууруулах, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэх гэх мэт өвчинг үүсгэдэг болохын мэргэжлийн байгууллагаас тогтоожээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж