Ким Жон Уны 10 жил: Удирдагчийн замнал

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны 10 жил: Удирдагчийн замнал

Ким Жон Уны 10 жил: Удирдагчийн замнал

Эцэг Ким Жон Илийг зуурдаар нас нөгчсөний дараа 2011 оны арванхоёрдугаар сард Ким Жон Ун 27 настайдаа ойд Солонгосын засгийн эрхийг гартаа авахад олон ч ажиглагч түүнд эргэлзэж байв. Харин 10 жил өнгөрөхөд, Ким Жон Унын дэглэмийн эсрэг  НҮБ болон АНУ тэргүүтний авсан  хориг арга хэмжээнд өртөж уналтад орсон эдийн засгийг нь эс тооцвол түүний засаглалын эрх мэдэлд эргэлзэгсдийн тоо илтэд цөөрсөн.

Өнгөрсөн  хугацаанд Ким өөрийн гэсэн удирдлагын арга барилыг тогтоосон. Тэрбээр нэг бол ард түмнийхээ амьдралд санаа тавьдаг лидер, нөгөө бол ойр дотны ах дүүсээ харгисаар хөнөөсөн удирдагч гэх имиж бүрдүүлсэн.

Хөдөлмөрийн намын хурлаар  “Хойд Солонгосын Ардын армийн ерөнхий коммандлагчаар хүлээн зөвшөөрөв” гэж зарласан 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Ким албан ёсоор засаглалын эрхийг авсан юм.  Энэ нь Ким Жон Ил зүрхний шигдээсээр нас барснаас ердөө 13 хоногийн дараах үйл явдал байв. Жилийн дараа,  2012 оны дөрөвдүгээр сард түүнийг “анхны удирдагч” гэж намаас нь нэрийджээ.

Угсаа залгамжлах Хойд Солонгосын удирдагчийг  олон жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Гэвч 27 настай Ким улс төрийн туршлагагүй тул, эцгийнх нь ойрын бараа бологчид түүнд тасралтгүй дэмжлэг үзүүлж, удирдлагыг нь бэхжүүлэхэд туслах шаардлагатай байв.

Түүний эцэг Ким Жон Ил 1994 онд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сенээс засгийн эрхийг шилжүүлэн авахын тулд хорин жилийн турш бэлтгэгдсэн. Үндсэндээ энэ залгамжлах үйл явц 1974 онд эхэлсэн байна.

Ким засгийн эрхийг аваад хийсэн эхний зүйлсийн нэг нь  эцгийнх нь үед асар их эрх мэдэлтэй байсан цэрэг армийг авч үлдэх намын тогтолцоог сэргээсэн явдал. Үүний тулд харьцангуй залуу дарга нарт шийдвэр гаргах эрх мэдлийг атгуулан, давхар хяналт тавьж явах нь түүний нэн тэргүүний бодлого байв.

Хойд Солонгос сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаа буюу 2016 онд дөрвөн өдөр үргэлжилсэн намын их хурлыг зохион байгуулсан. Энэ үеэрээ “Бёнжин”-д цөмийн зэвсэг болон эдийн засгийг нэгэн зэрэг хөгжүүлэх бодлогоо тунхагласан байна.

Энэ оны нэгдүгээр сард Хойд Солонгос ахин намын их хурлаа зохион байгуулсан бөгөөд  эцгийг нь нэрлэж байсны адилаар түүнийг “ерөнхий удирдагч” хэмээн батлав.

Засгийн эрхийг гартаа оруулж авсан Ким, түүний хэмжээлшгүй эрх мэдэлд саад болж байсан хэн бүхнийг замаасаа зайлуулахдаа огтхон ч эргэлзэж тээнэгэлзээгүй байна. Олны анхаарлыг хамгийн их татаж, Кимийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргасан үйл явдлуудын нэг бол 2013 онд тэрбээр улс төрд нөлөө бүхий нагац ах Жан Сон Тэкийг эх орноосоо урван тэрсэлснийх нь төлөө цаазаар авсан юм. Түүний эцэг нэгт ах Ким Жон Нам 2017 онд Куала Лумпурын онгоцны буудал дээр хордож нас барсан бөгөөд энэхүү хэрэгт Пёньяныг буруутгаж байв.

Уг харгислалыг эс тооцвол Ким нь  Хойд Солонгосын дүр төрхийг “хэвийн байдалтай” болгон өөрчлөх арга замыг эрэлхийлэхийн сацуу төрийн хатуу хяналт бүхий суртал ухуулгын аргаар өөрийгөө энгийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулдаг удирдагчийн дүрээр харуулж байлаа.

Ким эцгээсээ ялгаатай нь, эхнэр Ри Сол Жүгээ олны нүдэнд ил байлгаж, өөрөө ч мөн намын бусад гишүүдтэй шар айраг уун, тамхи татаж буйгаар харагддаг байв.

Ким АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай түүхэндээ анх удаа, харин 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй гурвантаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Хэдийгээр цөмийн хэлэлцээр болон хоёр Солонгосын худалдааны асуудал зогсонги байдалд байгаа ч, Хойд Солонгосын залуу удирдагчийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт нь маш том ололт амжилт гэж тооцогддог.

“Дипломат харилцаандаа тодорхой хэмжээний ахиц гаргасны дараа тэрбээр өөрийн засаглалыг хуульчлахын тулд дахин Ким Жон Ил, Ким Ир Сен нарын сүүдэрт дарагдах шаардлагагүй болсон. Эцгийнхээ үеийн цэрэг армитай холбоотой бүх үг хэллэгийг хянан засварлах замаар 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь үүний илрэл” гэж Сэжон институт дахь Хойд Солонгос судалгааны төвийн захирал Чон Сон Чан хэлжээ. Сөүлийн засаг захиргаа мөн залуу удирдагчийг ахмад үеэ бодвол улс төрийн статусаа маш амжилттай хадгалж явна гэдэгт итгэж байна.

Хойд Солонгос өмнөх удирдагчдын зургийг албан ёсны уулзалтуудын дэвсгэр зургаас хасч, "кимирсенизм" болон "кимжонилизм" гэдгийн адилаар "кимжонунизм" гэсэн хэллэгийг дотооддоо ашиглах болжээ.

Ким өөрийн үзэл суртлын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ хэмээн хууль зохиогчид хэлснийг парламентад өргөн барьдаг Үндэсний тагнуулын албаны тайланд цохон дурдсан байна. Кимийн засаглалын эхний 10 жилийн төгсгөл нь барууны гурав дахин хүчтэй хориг арга хэмжээ, удаан үргэлжилсэн цар тахлын хөл хорио, уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөө  зэргээс болж хүндхэн байгаа эдийн засгийг хэрхэн дахин сэргээх вэ гэдгээс хамаарах юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрвээ хойд солонгосчууд өөрсдийн хүчинд найдаж, эдийн засгийн гол хөшүүрэг болох Хятад улстай хийх худалдаанаас л хамааралтай хэвээр байсаар байвал Кимийн урьдчилан зураад буй эдийн засгийн өсөлт нь амаргүй байх болно гэжээ.

“Хойд Солонгос АНУ-тай  хэлэлцээр хийх шаардлагатай байгаа хэдий ч, одоогийн байдлаар энэхүү хэлэлцээрээс юу олж авах нь тодорхойгүй байна. Цар тахлын талаарх сунжирсан асуудлуудаас харахад тэдний хувьд тийм ч таатай нөхцөл байдал харагдахгүй байна” гэж Алс Дорнод судлалын институтын профессор Лим Юл Чул онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж