Австралийн Сидней, Мельбурн зэрэг томоохон хотууд арваннэгдүгээр сарын 1-нээс гадаадаас ирж буй бүрэн тундаа хамрагдсан иргэдийг тусгаарлалтын хугацаа шаардахгүйгээр нэвтрүүлэх болсон талаар мэдээлжээ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сарын эхээр вакцины бүрэн тунд хамрагдсан визтэй иргэдийг хүлээн авахаар болжээ. Эхний ээлжинд Япон, Өмнөд Солонгос улсын вакцинд хамрагдсан иргэдийг хүлээн авах аж.
Шинэ Өмнөд Уэльс мужид вакцины эхний тунгийн хамрагдалтыг 80 хувьд хүрснээр бусад мужийг бодвол гадаадын иргэдийг хэдэн долоо хоногийн өмнөөс хилээр нэвтрүүлэх боломжийг олгожээ. Хилийн чанадаас буцан ирсэн вакцин хийлгээгүй иргэдийг Шинэ Өмнөд Уэльс муж руу буцаан оруулах боловч зочид буудалд тусгаарлах аж. Мөн долоо хоногт 210 хүнийг л хүлээн авах квот тогтоожээ.
Үүний зэрэгцээ Австралийн "Qantas Airways" нь Сиднейгээс Лондон, Лос-Анжелес руу олон улсын нислэгийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард бусад хотын нислэгийг сэргээх асуудлыг авч үзэх болно гэж мэдэгдэв.
Австрали улс нь 2020 оны гуравдугаар сард цар тахлын улмаас хилээ хаасан.
Үүний зэрэгцээ Баасан гаригт нийслэл Канберра хот хоёр сар гаруй дараа хөл хориогоо сулруулж, кафе, паб, спорт заал гэх мэт газруудыг зай барих дүрэмтэйгээр нээхээр болсон байна.
Шинэ Өмнөд Уэльсд Баасан гаригийн мэдээллээр цар тахлын халдварын 399 тохиолдол илэрсэн нь тус мужид есдүгээр сарын эхээр халдварын тархалт дээд хэмжээнд хүрч өдөрт 1599 тохиолдол илэрч байснаас хамаагүй буурсан аж. Вакцинжуулалтын түвшин бага байдаг зэргэлдээ Викториа мужид цар тахлын тохиолдол 2179 бүртгэгдсэн нь нэг өдрийн өмнөхөөс буурсан байна.
Австралид цар тахлын тохиолдлын тоо бага бөгөөд нийтдээ 139 мянган тохиолдол бүртгэгдэж, 1506 хүн нас барсан байна.
SOURCE: REUTERS.COM
ИСҮ
Холбоотой мэдээ