Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Төсвөө уншаагүй гишүүд ба "төрлөө олоогүй" хөшөө

Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барихаар ирэх оны төсөвт суулгасан асуудал өндрөө авч, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан. Уг хөшөөг анх 5.5 тэрбумаар барихаар төлөвлөж, энэ оны төсөвт суулгасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр барих ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. 

Цар тахлаас болж эрүүл мэнд, эдийн засгийн гамшиг нүүрлэж, экспорт, импорт тэг зогсолт хийсэн үед татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө, дурсгал барьж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа билээ. Энэ асуудал өндрөө авч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэр бүхий гурван гишүүний саналаар Богд Зонховагийн хөшөөг барихаар болсон талаар жиргэсэн. Тэрхүү гурван гишүүний нэр хэвлэлээр ил тод болоод байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар санаачилж УИХ-аар дэмжүүлжээ.  

Бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар болсон талаар гишүүд тайлбар хийхдээ, "Төсөвт ийм бүтээн байгуулалт орж ирснийг мэдээгүй" гэсэн нь УИХ-ын гишүүд маань улсын төсөвт хэрхэн хандаггийн тод жишээ юм.

ГИШҮҮДЭЭ ТӨСВӨӨ УНШИЖ БАЙ!

Богд Зонховагийн хөшөөг барих санаачилга 2020 онд гарч, 2021 оны улсын төсөвт суулгаж өгчээ.  Хэрэг бишдэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нүүр номоороо дамжуулан тайлбар өгөхдөө “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэв.

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нарын гишүүд ч "шударгын" дүрд тоглов. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хөшөө барих буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн Байнгын хороо, Боловсрол соёл шинжлэх ухааны  байнгын хороонд юу яригдсаныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн Байнгын хорорны гишүүн” хэмээн асуудлаас хуурай гарах оролдлого хийсэн. Харин М.Оюунчимэг гишүүн мөн л ийм мөнгөөр хөшөө барьж болохгүй сануулжээ. ХҮН-ын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн энэ асуудлаар Цэцэд хандахаа мэдээлэв. Эндээс харахад, гишүүд 2022 оны төсвийг хараагүй, уншаагүй, дөрвөн тэрбумын "авлигадаа" ханаад шууд кноп дарж орхисон нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховагийн хөшөө болов.

Татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барьж, олон нийтийн бухимдал, эсэргүүцэлтэй тулж байгаа нь ганц энэ удаа биш юм.  Жишээлбэл,  Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа  гурван тэрбумаар усан оргилуур бариулж байсныг хэн хүнгүй мэднэ. Одоо энэ усан оргилуур нь зөөврөөр усаа зөөдөг гэхээр манай улстөрчид хөшөө барих нэрээр төсвийн мөнгийг хэрхэн угаадгийн нэг нотолгоо. Тэрчлэн хоёр тэрбумын андлалын хөшөө бол сонгодог жишээ.

Монгол Улс хөшөө дурсгалаас их юм алга. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгээсээ олон шахуу хөшөөтэй.  "Эмнести Интернэшнл" байгууллагын 2018 оны  судалгаанд дурдсанаар  “морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь ямааны хөшөө 1652, аргаль янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны  хөшөө 27, Өэүлэн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтаны 26, тарваганы 25 хөшөөтэй” гэжээ. Мөн Англи улсын монголч эрдэмтэн Лаурен Монголд хоёр жил судалгаа явуулсны эцэст "Монгол орны сум болгонд таван хошуу малын хөшөө байдаг. Үүн дотроо бод малын хөшөө дурсгалгүй нэг ч суурин байхгүй. Монгол бол мал аж ахуйн орон" мөн гэсэн байдаг.  Даанч харамсалтай, хөшөө бариад хөгжил ирэхгүй юм.

Энэхүү дуулианыг далимдуулан салбартаа хөрөнгө оруулах хүсэлтэй сайдууд ч гарч ирэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд  Эрүүл мэндийн салбараа хөрөнгө оруулж эмч эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэхийг уриалав. Түүний тайлбарыг олон хүн дэмжиж, салбартаа тулгарч буй зовлон бэрхшээлээ зураг хөрөгтэйгөө нийтлэх эмч нар ч байв.

УЛСЫН ТӨСӨВ БОЛ БУЯНЫ БАЙГУУЛЛАГА БИШ!

Богд Зонховагийн хөшөөг барих саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар гаргаж, төсөв батлагдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр бариулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тэр тусмаа  Богд Зонховагийн хөшөө барих ажлыг тендер зарлалгүй Соёлын сайдын багцад оруулж ирсэн аж. Ц.Цэрэнпунцаг гишүүний тухайд бурхан шашинд элэгтэй. Тэрбээр  Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг энэ оны эхээр өргөн барьсан  бий. Гэвч,  олны хэл амнаас болгоомжилж УИХ-аар хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан. Хуулийн төсөлд төсвөөс  жил бүр  төв ганданд улсын нөхөн олговор олгох асуудлыг суулгаж өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Өөрөөр хэлбэл,  “Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна” хэмээн хуулийн төсөлдөө суулгаж өгсөн байдаг. Энэ мэтээс харвал  Ц.Цэрэнпунцагийн УИХ-д орж ирсэн шалтгаан нь бурханы хөшөө барих, лам хуврагуудад мөнгө тараах л зорилготой бололтой. Уг нь улсын төсөв бол "буяны байгууллага" биш.

УИХ-ын дарга Г.Зандаршатар "улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилттой" яваагаа улсын төсвийг батлах үеэр хэлсэн. Гэвч, хөшөө барьснаар улс орон эрчимт хөгжлийн замд ордоггүй эрхэм спикерт сануулах юун. Эсвэл спикерт энэхүү хөшөөг барих маш том эрх ашиг байгаа бололтой.

Ц.Анандбазар гишүүн Булган аймагт 3.8 тэрбумаар айрагны гурван гэр барих саналыг ирэх оны төсөвт оруулсан. Айрагны гэр, бурханы хөшөө барих нь Ардын намынханд ашигтай юу гэхээс ард түмэнд ашиггүй.  Булганд айрагны гурван гэрийг 3.8 тэрбумаар барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, хайран төсөв лболж үлдэх юм. Энэ мэт элдэв янзын төсөл санаачилж, ард нь ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байж магадгүй гэх хардлага ч ард түмний дунд байна.

"БОГД ЗОНХОВА” ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХГҮЙ!

Нийгмийн бухимдлыг дарах гэсэн үү Ч.Номин сайд хөшөөний төсвийг батлахгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Гэхдээ төсөв нэгэнт батлагдсан. Түүнд хориг тавих эрхтэй ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. 32 тэрбумаар хөшөө, 3.2 тэрбумаар айрагны гурван гэр барьж байгуулахаар болсон улсын төсөвт хориг тавьж, энэ мөнгийг эдийн засаг, эрүүл мэнд, боловсролд зарцуулна уу, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж