Хоногт бүртгэгдэх зам тээврийн осол 3 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Хоногт бүртгэгдэх зам тээврийн осол 3 дахин нэмэгджээ

Хоногт бүртгэгдэх зам тээврийн осол 3 дахин нэмэгджээ

Амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн зөрчлийн дуудлага болоод цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж ноцтой осол гарсан эсэх талаар холбогдох газруудаас тодрууллаа. 


ЗӨРЧЛИЙН 1312 ДУУДЛАГА ИРСНИЙ ИХЭНХ НЬ СОГТУУГААС БОЛСОН

Цагдаагийн байгууллагад амралтын өдөр ирэх зөрчил болоод гэмт хэргийн дуудлага мэдээлэл нэмэгджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр 1617 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 1312, гэмт хэргийн шинжтэй 62, эрүүлжүүлсэн 180, гэр бүлийн хүчирхийллийн 128, согтуугаар автомашин жолоодсон 75, хулгайлах 19, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 66, хүний биед халдсан 37 дуудлага ирүүлжээ.

Дуудлага мэдээллээс ажиглавал ихэнх нь согтуугаар үйлдэж байгаа учир архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

ЦАС ОРСНООС ХОНОГТ БҮРТГЭГДЭХ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 3 ДАХИН НЭМЭГДСЭН

Цас орсны улмаас зам тээврийн ноцтой осол гарсан эсэх талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад Баасан гаригт цас ороход 180 орчим дуудлага бүртгэгдсэн. Ихэнх нь зуны дугуйтай, тээврийн хэрэгслийн бэлэн бус байдлаас болж мөргөлдсөн. Нийслэлийн хэмжээнд амралтын өдрүүдэд зам тээврийн 100 гаруй осол бүртгэгдсэн байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон.

Хөдөө орон нутагт зорчиход үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж зам тээврийн осол гарч байна гэлээ. Цас орохоос өмнө хоногт 60-70 дуудлага мэдээлэл ирдэг байсан бол иргэдийн өвлийн бэлтгэлгүйгээс ийнхүү зам тээврийн осол 2-3 дахин өссөн байна.

ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ДИЙЛЭНХИЙГ САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭС ГАРСАН АХУЙН ГАЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Онцгой байдлын газарт иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, өчигдөр /2021.11.21/ ирсэн галын дуудлага мэдээллийг хүргэж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн Булгийн гуравдугаар гудамжинд зөөврийн ус түгээх цэгт гал гарч “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 3х3 метрийн хэмжээтэй худгийн байр шатаж байсныг унтраасан. Сумын наймдугаар багийн Нарантолгойн тавдугаар гудамжинд худагт гал гарч “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн 4х4 метрийн хэмжээтэй худгийн байр шатаж байсныг унтраасан байна. Үүнээс гадна хувийн өмчид тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн хоёрдугаар гудамжинд байшин шатаж иргэний 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ.

Мөн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн Цогт-Овоогийн пост гэдэг газар нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:15 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Таван толгой түнш” ХХК-ийн гэрээт ажилтны “Хово ZZ4257” загварын ачааны автомашины чиргүүлд ачсан 10 тонн нүүрс шатаж байсныг унтраажээ. Иймд иргэд сонор сэрэмжгүй байдлаас үүдэн гарч буй ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Хэдийгээр цаг агаар эрс хүйтэрч, ихэнх нутгаар өвөлжилт хүнд байгаа ч урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авч, машин болоод техник хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж зам тээврийн хөдөлгөөнд оролцвол эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой. Мөн сонор сэрэмжтэй байж ахуйн хүрээнд гал алдах эрсдэлээс урьдчилан хамгаалах боломжтойг ОБЕГ, Цагдаагийн албанаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж