Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Польш улсаар дамжин Европын холбоо руу гарахын хүссэн олон мянган цагаач Беларусийн хил дээр бөөгнөрсөнд талууд асуудлыг бие биен рүүгээ чихэж байна. Польш болон Европын холбооны зүгээс хил дээр үүссэн асуудалд Беларусь улсыг буруутган “зохиомлоор” цагаачлалын хямрал үүсгэж, тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байгаад буруутгажээ. Тухайлбал, Ойрхи-Дорнод болон Азийн зарим орноос олон мянган цагаачдыг “урин” Польшийн хилийг хялбархан давахад туслах амлалт өгч, онгоц онгоцоор тээвэрлэн авчирсан гэж Беларусийг хардан буруутгаж байна.

Тодруулбал, Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд улиран сонгогдсоныг эсэргүүцсэн Беларусийн ард иргэдийн жагсаалыг хүчээр дарж, сөрөг хүчнийхнийг барьж хорьсон. Үүнийх нь хариуд Европын холбооноос Беларусийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Удалгүй хоёрхон сарын дараа олон мянган цагаач Европын холбоог зорин Беларусьт цугларч эхэлсэн юм. Тиймээс Беларусийн эсрэг хориг тавьсны хариуд Европын холбоонд цагаачлалын хямрал үүсгэж “бэлэг барьж байна” гэж ажиглагчид дүгнэжээ.

Харин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко үүнийг үгүйсгэж, цагаачдыг хил нэвтрүүлэхгүй хориглосон Польш улсыг буруутгав. Үүний зэрэгцээ Лукашенко өнгөрсөн долоо хоногт  хэлэхдээ цагаачдыг Польшийн хилийг давж, Европын холбоонд хүрэхэд нь цэргийн хүчээр тусалж болно гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр “Бид зүрхтэй хүмүүс. Цагаачид Германд хүрэхийг хүсч байгааг манай цэргүүд ойлгож байгаа. Магадгүй хэн нэгэн тэдэнд тусалж болох юм. Гэхдээ бид тэднийг энд уриагүй” гэсэн байна. Беларусь улсын мэдээлснээр өдгөө 7000 орчим цагаач Польшийн хилийн дагуу бөөгнөрсөн байгаа аж. Тэгвэл Беларусийн талаас гадаа хонож буй цагаачдыг Баасан гаригаас эхлэн дулаан газар руу зөөвөрлөн байршуулж эхэлжээ.

Польшийн талаас хүч түрэн хил давахыг завдсан цагаачдын эсрэг өнгөрсөн долоо хоногийн дундуур даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласан. Өвлийн хүйтэнд гадаа урцанд хонож буй цагаачдын эсрэг хүч хэрэглэсэнд хүний эрхийн байгууллагуудын зүгээс Польшийг шүүмжилсэн юм. Энэ үеэр хоёр хүн гэмтэж, 45 цагаачийг баривчилжээ. Польш нь цагаачдыг нэвтрүүлэхгүй хориглохын тулд хилийн хамгаалалтаа чангатгаж, цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн. Польш-Баларусийн хил дээр цугласан цагаачдын дундаас 11 хүн нас барсныг эх сурвалжууд онцолжээ. Мөн Польшийн талаас хилийн хамгаалалтад дэмжлэг үзүүлэхээр Эстони улсаас 100 цэрэг илгээх саналыг сайшаан хүлээн авахаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямралын ард ОХУ-ыг байгаа гэж хардаж буйгаа зарим албаныхан илэрхийлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь Беларусийн удирдагчтай ойрын холбоотой төдийгүй Польшийн хилд цагаачдыг бөөгнөрүүлж, Украины хил дээр мөн цэргийн хүчээ зузаатгасан нь ижил зорилготой гэж хардаж байгаа аж. Тухайлбал, Украины дотоод хэргийн сайд Денис Монацирский хэлэхдээ “Польш, Украины хил дээр системтэйгээр, сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хямрал үүсгэж байна. Одоогоор Украины хил дээр нөхцөл байдал хяналтад байна. Гэхдээ цагаачид хил давахыг оролдвол бүх аргаар тухайлбал, гал нээсэн ч хамаагүй тэднийг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ. ОХУ нь цэргийн сургуулилалт хийх зорилгоор Украины хилийн ойролцоо олон тооны цэрэг, байлдааны техник хэрэгсэл төвлөрүүлсэн. Гэвч цэргийн сургуулилалтаа дууссаны дараа ч тодорхой  тооны цэрэг, техник хэрэгслийг Украины хил дээр үлдээсэн нь Киев болон Европын холбоог түгшээж байгаа аж. Харин ОХУ-ын талаас АНУ, Европын холбооноос Хар тэнгисийн ойролцоо байлдааны хөлгүүдээ илгээж, Украинтай хамтарсан цэргийн сургуулилалт хийх байдлаар ОХУ-ыг өдөөн хатгасан үйлдэл хийж байгаа тул хилийн хамгаалалтаа зузаатгах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж