Тусгай зөвшөөрлийг цахимжуулсан ч "дарамт" арилахгүй нь

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг цахимжуулсан ч "дарамт" арилахгүй нь

Тусгай зөвшөөрлийг цахимжуулсан ч "дарамт" арилахгүй нь

Барилгын салбарт тулгамддаг асуудлын нэг нь тусгай зөвшөөрөл. Үүний тулд олон бичиг баримт бүрдүүлэхээс авахуулаад төрийн албан хаагчдыг царайчлах, хурган даргын үүдийг өдөржин сахих нь энүүхэнд. Дээр нь мэргэжлийн хяналтын дарамт шахаа  зэрэг асуудал ар араасаа хөвөрдөг. Үүнийг ч нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан энэ олон дүрэм журам, стандартаа одоо болих хэрэгтэй. Бид 2022 оноос илүү нээлттэй чөлөөтэй болно” гэсэн юм.

Тиймдээ ч төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрджээ.  Ингэснээр хүсэлт гаргахаар бүрдүүлсэн олон бичиг баримтыг нягтлах, лавлагаа авах зэрэг хүний оролцоотой, цаг хугацаа шаардсан олон асуудал цэгцэрч буй.

Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Тус газар нь хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй 6 төрлийн 8 үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч байгаа аж. Энэ оны эхний хагас жилд барилга байгууламж барих нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ.

Өнөөдрийн байдлаар тус газрын мэдээллийн санд 3145 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршиж буй. Энэ нь олон нийтэд нээлттэй. Энэ талаар Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар “Бүтээн байгуулалтыг урагшлуулах, алдагдсан боломжийг нөхөх хурдаар ажиллах онцгой жил байна гэж харж байгаа. Газартай холбоотой асуудлыг цахимаар шийдвэрлэж байгаа нь том дэвшил гэж харж байна. Үүний дараа Улаанбаатар хотын барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөлтэй холбоотой бүх зүйлүүд ил цахимд шилжих учраас төрийн үйлчилгээ шуурхай болно гэж бодож байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг дэмжих, үйл ажиллагаагаа тэлэхэд хотын удирдлагууд анхаарах нь. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хотын даргын дээрх мэдээлэлд “дурамжхан” байна.

Тус газрынхан “Бид өөрсдөө зохиож олон норм, стандарт, дүрэм зохиодоггүй. Төр өөрөө л олон стандарт гаргадаг. Үүнийг нь хэрэгжүүлэхэд бид анхаардаг. Иймд стандартыг  мөрдүүлэх чиглэлээр төрийн хараат бус хяналт шалгалтыг явуулна. Хэрэв стандартын шаардлага хангахгүй  бол барилгын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ч хүргүүлнэ” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Тус газраас өнгөрсөн онд 985 барилгын үйл ажиллагааг хянаж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 аж ахуйн нэгж байгууллагад 186 сая  төгрөг, нийт 208.7 сая  төгрөгийн торгууль  тус тус ногдуулж байв. Хэдийгээр хотын удирдлагууд хувийн хэвшлийнхнийг тэр дундаа барилгын салбарын үйл ажиллагааг аль болох дэмжиж байгаа нь зөв ч мэргэжлийн хяналтынхан эсрэгээрээ хойш нь чангаасаар байх уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж