Л.Оюун-Эрдэнийн зориг нь хүрвэл!

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Л.Оюун-Эрдэнийн зориг нь хүрвэл!

Л.Оюун-Эрдэнийн зориг нь хүрвэл!

Урьд өмнөх Ерөнхий сайд нарт байгаагүй, танхимынхаа сайд нарыг чөлөөлөх, томилох эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэд бий.  Энэ талаас нь харвал тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ихээхэн бяртай Ерөнхий сайд болсон мэт. Авчиг түүний танхимын сайдуудын дөрвөөс бусад нь дан дээлтэй гэвэл мөн л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хамгийн хүчгүй сайдууд болж харагдаж байна.

Тиймээс түүний танхимын давхар дээлгүй сайд нарыг нь нэг, нэгээр нь шүд сугалах замаар гүйцэтгэх засаглалаас хөөж явуулах асар их сонирхол Ардын намынханд бий. Өөрөөр хэлбэл, “ялыг нь бид үүрэх атал ямбыг нь тэд хүртлээ” гэх гоморхол Ардын намын бүлгийнхнээс анзаарагддаг, ажиглагддаг.

Тиймээс ч “Ажлаа хийж чадахгүй сайд нартайгаа хариуцлага тооцохыг намрын чуулганы нээлтээр УИХ-ын дарга Г.Зандаршатар онцолсон нь мэдээж Ерөнхий сайдад хандсан, хаягласан үг байлаа. Гээд нэг шүд сугалах юм бол Ерөнхий сайдын суудал дэнжигнэх эрсдэлтэй. Улс төрд хар багаасаа чанагдсан, тэр тусмаа энэ өндөрлөг хүртэл явж ирснийхээ хувьд Л.Оюун-Эрдэнэ үүнийг мэдэж байгаа, бас тооцож  буй биз.  Тэгээд ч Үндсэн хуульд зааснаар  Л.Оюун-Эрдэнийг огцоруулъя гэвэл УИХ-ын 19 хүний гарын үсэг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг Л.Оюун-Эрдэнийнхэн намынхан нь огцруулж чадна.

Иймээс  танхимаар нь оролдох гэсэн намын бүлгийнхэндээ өгсөн Л.Оюун-Эрдэнийн  сануулга нь  “Танхимынхаа сайд нараас хэнийг нь ч огцруулахгүй. Үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар  ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй” гэх үг.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн засгийн давхар дээлгүй сайд нарыг хамгийн их гоочилж, онцолж, хэвлэлээр сэвүүлж, алдаа дутагдал дээр нь баяртайгаар алга ташиж суугаа хүмүүс нь мөн л Л.Оюун-Эрдэнийн намынхан.  Гэхдээ дөрвөөс бусад сайд нарыг УИХ-ын гаднаас томилно, танхимын сайд нараа Ерөнхий сайд өөрөө, томилно, чөлөөлнө гээд 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заачихсан тул эрх баригч намынхан ёстой наашаа харж инээж, цаашаа харж уйлна гэгч болж буй юм.

Араас нь чулуу шидэхээс өөрөөр Л.Оюун-Эрдэнийн өөдөөс хараад сайд нартайгаа хариуцлага тооцохыг хатуухан сануулж чадах хүн МАН-д одоогоор алга байна. Засгийн тамга дээр нь намынх нь тамга “түр” ч гэсэн түүнд хадгалагдаж байгаа болохоор тэр.  Дээр нь АТГ түүний мэдэлд ирсэн,  Ардын намын хэн гэгч гишүүн хэнээс ямар авлига авсан нь баримт нотолгоотойгоо Л.Оюун-Эрдэнэд өдөр бүр мэдээлэгдэж, танилцуулагдаж байгаа. Энэ мэтээс харвал Л.Оюун-Эрдэнийн засаг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ дээр л тогтож байна.

Гэвч, Ерөнхий сайд бяртай байгаад ч танхимын сайд нар хүчгүй бол ажил олигтой явдаггүй, алдаа дутагдал, асуудал багагүй гардгийг ҮАБЗ-ийнхөн хүлээн зөвшөөрсөн бололтой, үг үйлдлээс нь дүгнэвэл.

Тиймээс Үндсэн хуульд ахиад нэмэлт өөрчлөлт оруулахыг  УИХ-ын гишүүд ч, Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч дэмжиж байгаа аж.  Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч намынхан хэзээ мөдгүй өргөн барих нь, хэлэлцэж батлах нь тодорхой болж байна.  Үүний дараа засгийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бололтой. Үүнээс нааш эрх мэдлийн төлөө намаа зараад идчихсэн Н.Энхбаярын, Л.Оюун-Эрдэнийн танхим дахь ажлаа мэдэхгүй сайд нарыг нь хөөж явуулах Г.Занданшатарын хүсэл биелэгдэхгүй гэсэн үг.

Нөгөө талаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулж Н.Энхбаярын эргээд коммунизм байгуулах адын хүсэл амилах вий гэсэн болгоомжлол бий. МАН-ын хаалгаар хөөгдөөд гарсан тэрбээр өнгөрсөн хавар тооноор нь орохдоо “олон хүслээ” тулгасны нэг нь зүүний чиг баримжаатай Бүгд найрамдах улс болох. Үүнийгээ  товч, тодорхой илэрхийлсэн тэрбээр “…Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь оролцдог, ажлын байр бий болгоход төр засаг нь тусалдаг, хүмүүсийн хөдөлмөрийг төр засаг нь шинээр үнэлж, тэгш цалин хөлс авахад анхаардаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах хүсэл мөрөөдлийг нь МАН-ын өнөөгийн удирдлагууд дэмжсэн” тухай хэвлэлийн бага хурлаар мэдээлж байсан юм.

Гэхдээ түүний энэ хүслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжихгүй байх магадлал өндөр.  Ерөнхий сайдын хувиар сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан, итгэл үнэмшил нь хэвээрээ байгаа ч биз.

Үндсэндээ сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх хамгийн эхний ажил бол сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд  суулгаж өгөх.  Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцооны хамгийн зөв хувилбар нь пропорциональ болохыг ч улстөр судлаачид хэлдэг. Тэрчлэн парламентын гишүүдийн тоог нэмэх, дээд, доод танхимтай болох,  Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах “гажиг” олон бий.

Хэрэвзээ, эдгээр өөрчлөлтүүдийг хийж чадах зориг хүрэх юм бол Л.Оюун-Эрдэнийн нэр жинхэнээсээ түүхэнд үлдэнэ. Харин зөвхөн “давхар дээл”-нд ач холбогдол өгвөл ахиад л Үндсэн хуулийн алдаа, завхрал үүснэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж