Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд нэг жил хүрэхгүй хугацаа буюу яг 364 хоног үлдлээ. Манай гаригийн хамгийн их үзэгчтэй, хамгийн том энэ спортын арга хэмжээ ирэх оны арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн Катар улсын таван хотын найман цэнгэлдэхэд болно. Тэмцээнийг зохион байгуулагч орны зуны аагим халуун уур амьсгалын улмаас өвөл болж буйгаараа онцлог энэ удаагийн дэлхийн аваргад оролцохоор одоогийн байдлаар 13 улс эрхээ аваад байна.
ТАЛБАЙН ГАДНА
2010 онд FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг тодруулах сонгон шалгаруулалт зарласан бөгөөд тухайн үед Катар, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг улсууд хүсэлтээ илэрхийлжээ. Ийнхүү эцсийн шатанд Катар, АНУ хоёр тунаж, Катар ялж байсан түүхтэй. Гэвч сонгон шалгаруулалттай холбоотой асуудал үүссэн. Учрыг тодруулбал, Катар улс тухайн үеийн FIFA-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер тэргүүтэй албаны хүмүүст их хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон. Харамсалтай нь, Зепп Блатетер ажлаа өгч, энэ хэрэг удаагүй намжсан.
Дээрх хэргээс гадна Катарын ДАШТ 6500 гаруй хүний амиа насаар тахил өргөөд буй талаарх мэдээлэл гарсан. Тус улс дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулахтай холбогдуулан шинээр дөрвөн цэнгэлдэх, зочид буудлууд, нисэх онгоцны буудал, хурдны зам барьж, хуучин нэг цэнгэлдэхээ сайжруулж байгаа. Гэвч эдгээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан Пакистан, Непал, Бангладеш, Шри Ланка зэрэг улсуудын 6500 гаруй цагаач ажлаа хийж байх үеэрээ таалал төгсчээ. Нарийвчилбал, 2010 оноос хойш долоо хоног бүр таван ажилчин цэнгэлдэхийн барилга дээр болон бусад бүтээн байгуулалтын ажил дээр нас барж байгаа гэнэ.
Амиа алдагсдын үхлийн шалтгааныг ангилан үзвэл, 69 хувь нь байгаль, цаг уурын нөхцлөөс хамаарч, нас барсан гэв. Ялангуяа зуны улирал Катарт өдрийн цагаар нэмэх 45-50 градус байдаг бөгөөд гадаад ажилладаг ажилчид халууны стресс гэх шалтгаанаар үхэж байгаа аж.
ТАЛБАЙ ДОТОР
Дэлхийн аваргын 32 эрхийн төлөө 211 улс нэгэн зэрэг гараанаас аялалаа эхлүүлсэн. Монголын шигшээ баг эхний шатандаа Брунейг хоёр тоглолтын нийлбэр дүн 3-2 гэсэн харьцаатай хожиж, түүхэндээ анх удаагаа хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авч байв. Харин хоёрдугаар шатандаа Япон, Тажикстан, Киргизстан, Мьянмар зэрэг багуудтай нэг хэсэгт орж, хоёр хожил авсан амжилттай аялалаа өндөрлүүлсэн. Азиас шууд оролцох дөрвөн эрхийн төлөө Иран, Өмнөд Солонгос, Саудын Араб, Япон, Австрали зэрэг таван улс өрсөлдөж байна.
Тэгвэл Европ болон Өмнөд Америкийн орнуудын дунд дэлхийн аваргын эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүсч, бидний мэдэх зарим одууд Катарыг зорих боломжгүй боллоо. Тодруулбал, Эдин Жекогийн Босни Херцеговина, Холандын Норвеги, Хамшикийн Словак, Облакийн Словени тэргүүтэй улсууд дэлхийн аваргыг өнжихөөр болов.
Одоогоор Катар, Герман, Дани, Бразил, Франц, Бельги, Хорват, Испани, Серби, Англи, Швейцарь, Нидерланд, Аргентин гэсэн багууд 2022 оны дэлхийн аваргын эрхээ аваад байна.
Аргентин эрхээ авч, хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид ирэх дэлхийн аваргаар Мессиг харах болсондоо баяртай байна. Түүний шагналын цуглуулгад гагцхүү дэлхийн аваргын алтан дагина л дутуу. Харин Роналдогийн хувьд байдал эвгүйтсэн. Португалын шигшээ хэсэгтээ хоёрдугаар байрт орсон тул хожигдох эрхгүй тоглолт хийхээр болсон. Хэрэв Португал плей-оффын тоглолтод хожигдвол бид ирэх өвөл Роналдог Катарт харахгүй.
Катар-2022 ДАШТ Месси, Роналдо хоёрын шигшээ багийнхаа өмсгөлтэй оролцох сүүлийн тэмцээн гэж олон хүн харж байна.
Португалын шигшээд тоглож байсан Пауло Футре ярихдаа “Кристиано хэзээ ч томоохон тэмцээнүүдийг өнжиж байгаагүй. Түүний одоо ч тэгэхгүй гэж би бодож байна. Гэхдээ түүнд маш чухал хоёр тоглолт үлдлээ. Плей-оффын тоглолт Португалын ард түмний санааг зовоож байна. Гэхдээ бид өөрсдийгөө энэ нүхнээс гаргах хэрэгтэй” гэжээ.
Өмнөд Америкт ч том багууд барьц алдсан. Тус тивд дэлхийн аваргыг шууд зорих дөрвөн эрх бий. Бразил, Аргентин хоёр эрхээ авсан учир үлдсэн хоёр эрхийн төлөө Экуадор, Колумби, Перу, Чили, Уругвай, Боливи, Парагвай, Венесуэль зэрэг улс өрсөлдөж байна. Тэдэнд одоо дөрвөн тоглолт үлдсэн.
Хойд, Төв Америк, Карибийн тэнгисийн бүс нутаг дэх дэлхийн аваргын тэмцэл мөн ширүүссэн. Одоогоор Канад, АНУ, Мексик, Панам зэрэг улсууд хүснэгтийг тэргүүлж байгаа ч нийт найман багийн онооны зөрүү ойрхон өрсөлдөөнтэй байна.
Африкт Катарыг зорих таван эрхийн төлөө 10 улс үлдээд байна. Кот-д’Ивуар, Габон, Өмнөд Африк тэргүүтэй орнууд аялалаа өндөрлүүлсэн бол Алжир, Камерун, Египет, Гана, Морокко, Нигерь тэргүүтэй арван орон таван эрхийн төлөө тоглоно.
Холбоотой мэдээ