Сурвалжлага: Залуус Монголоос "дүрвэх"-ийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Залуус Монголоос "дүрвэх"-ийг хүсч байна

Сурвалжлага: Залуус Монголоос "дүрвэх"-ийг хүсч байна

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил  гадаадад  ажиллах хүч илгээх нь завсардсан. Тэгвэл сүүлийн саруудад эргээд эрчимжиж эхэлжээ. Монголд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь гадаадад амьдрах. Ялангуяа Солонгос, Япон руу ажиллах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгджээ. 

“Ажлаад л байдаг ажлаад л байдаг. Цалин гэж өчүүхэн юм авна. Түүгээрээ дараагийн цалин буутал амь залгуулаад  дуусна. Хурааж хуримтлуулах, аялж зугаалах, амьдралаас таашаал авах боломж  Монголд алга. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй, ядаж хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг улсад очиж ажиллаж амьдармаар байна. Элгэн садан, ээж аавтайгаа эх орондоо үлдмээр байвч үр хүүхдээ сайхан амьдруулж, соёлтой боловсролтой хүн болгохын тулд гадагшаа явахаар шийдсэн” гэж Япон хэл сургалт, хөдөлмөр зуучлалын төвд  суралцдаг  25 настай  бүсгүй  эрс шийдэмгий хэлэв.

Энэ зуур 20 настай нэг ангийн гурван залуутай хэсэг ярилцлаа.  Тэд Япон хэл сураад “амиа” аваад явах чадвартай болсон даруйдаа эндээс явах зорилготой гэнэ.

Хоёр нь сургуулиасаа жилийн чөлөө авч, нэг нь сургуулиа бүрмөсөн хаяжээ. Сургалтын төлбөрөө дийлэхгүй болохоор хамтдаа явж ажил хийхээр шийджээ.

Урьд нь зундаа барилга дээр ажиллах юм уу хичээл орохоос өмнө самар, жимс түүгээд төлбөрөө төлчихдөг байсан гэнэ. Гэтэл энэ жил зунжин халуун наранд барилга дээр ажилласан ч нөгөө газар нь цалингаа тавьж чадахгүй дампуурснаас болоод хохироод үлджээ. Тиймээс чөлөө авахаас өөр сонголтгүй үлдсэн аж.  Дөнгөж 10 жилийн сурагчид “Тэнд амьдрал бий, харин Монголд ирээдүй алга” гэж аль хэдийнээ  амьдрал үзсэн “толгой” шиг ярих. Өнөөдрийн нийгэм тэдэнд эх орноосоо дүрвэх бодлыг дэндүү эрт суулгасан нь даанч харамсалтай. 

Цар тахлаас болж олон аж ахуй нэгж хаагдаж, олон хүн ажилгүй болжээ. Бараа таваарын үнэ өсч, байдал улам л дордож буй нь залуусын Монголоос дүрвэх шалтгаан болж байна. 

ИЛҮҮ ЦАГ АЖИЛЛАВАЛ 4.2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ

“Таки” ХХК-ийн  салбарын Ерөнхий менежер Б.Цэн-Аюуш  “Япон хэл сургалт, хөдөлмөр зуучлалын төв болох “Таки” ХХК нь 2017 оноос  эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрлийг авсан.  Өнгөрсөн хугацаанд 39 хүнийг явуулсан бол 56 хүн явахаар хүлээж байна. Япон хэлний анхан дунд буюу N4 түвшинг хангасан тохиолдолд Япон улсад гэрээт ажилтанаар явах боломжтой. Шалгалтанд тэнцвэл  хүнс хөдөө аж ахуй, автомашины үйлдвэр, далайн бүтээгдэхүүнийг хэрчиж, савлах үйлдвэр, барилгын дотоод засал чимэглэл,  шат угсралтын чиглэлээр ажиллах боломж нь нээгдэнэ.  Японы талаас түлхүү  үйлдвэрийн ажилд монголчуудыг авах сонирхолтой байдаг. Учир нь үйлдвэрийн ажлын байранд илүү цаг хийх боломжтой. Сарын цалин нь 3.3 сая төгрөг, илүү цаг ажиллавал 4.2 сая төгрөгийн цалин авах боломжтой.  Манай компани 3.3 сая төгрөгөөс доош  цалин амладаг Япон компанитай гэрээ хийдэггүй” гэлээ.

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүний дайтай амьдрах итгэлгүй болчхож. Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд “Монголд урт зам туулна, бараг боломжгүй. Энд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй” гэдгийг хэлж буй.

Тэдний ингэж хэлэх нь ч аргагүй.  Японд нэг сарын дундаж цалин  3.3 сая төгрөг, Солонгост 4.6 сая төгрөг. Харин Монголд 1.2 сая төгрөг. Тиймдээ ч залуус  Монголоос дайжих ганц шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Гадаадад өндөр цалинтай ажил хийж, байр машинтай болох зорилготой. 

 Монгол залуучууд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхээр гадаадад ажиллах хүчээр явж байна. ХХҮЕГ 2020 оноос эхлэн Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй, ур чадвартай ажилтанг зуучилж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Япон улс монголоос асаргаа сувилгаа, нисэх онгоцны засвар үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч авч байна. 2020 оны арванхоёрдугаар сард асрахуйн салбарт 12 хүнийг илгээсэн. Нисэх онгоцны засвар үйлчилгээний салбарт ажиллахаар  дөрвөн  хүн тэнцсэн, удахгүй явна.  Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг явуулахад 3500 гаруй хүн бүртгүүлсэн. Шалгалтын тов зарлагдахад 2500 хүн шалгалтад орсон. Бүртгүүлсэн хүмүүс 100 хувь шалгалтад ордоггүй. Дундаас нь эргэж буцах тохиолдол байдаг.

Солонгосын тал бидэнд 674 хүнийг сонгон шалгаруулж авна гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар 660 гаруй хүн шалгалтад тэнцсэн.

Иргэд Солонгос руу гурван жилийн хугацаатай  ажиллах  гэрээгээр  явж байна. Энэ хугацаанд тогтвортой сайн ажиллавал  тухайн ажил олгогч ажиллах хугацааг  нь нэг жил 10 сар сунгах эрхтэй байдаг. Ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх хүмүүс бий.  Гэхдээ ихэнх залуус тухайн орондоо харлаад ч болтугай үлдэх сонирхолтой байдаг. Уг нь эргэж ирсэн хүмүүс солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд буцаж явах эрх нь үүсдэг” гэдгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын /ХХҮЕГ/ Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувд онцлов.

ТЭД ЭХ ОРОНДОО ИРЭХИЙГ ХҮСЭВЧ…

Тоон мэдээллээс дурдвал хөдөлмөрийн гэрээ нь дууссан залуучуудын 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна.  Эргэж ирж байгаа 70 орчим хувь нь дахиад буцаад явдаг гэнэ.

ХХҮЕГ-ын программ дээр 2021 онд  эргэж ирэх боломжтой 1000 гаруй хүний мэдээлэл бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар дөнгөж  80 гаруй хүн л эргэж ирэхээр бүртгүүлжээ.

Үүнээс харахад  залуучуудад эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхгүй байгааг  харж болохоор. Солонгост  олон жил хөдөлмөр эрхэлсэн иргэн “Энд амьдрах орчин тухтай, цэвэрхэн, хүүхдэд аюулгүй. Хэдий эх орондоо очиж амьдармаар байв ч  очоод одоогийхоосоо илүү дээр нөхцөлд амьдарч чадахгүй.  Тиймээс буцаж чаддаггүй” гэсэн юм. Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь яг ийм бодолтой байдаг аж.  Тиймээс Монголын төрийн бодлого гадаад руу хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэнээ хугацаа нь дуусаад эх орондоо ирэхэд нь хангалттай цалинтай, ажлын байраар хангах явдал юм.

Улс төрийн тогтворгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, инфляци зэрэг нь энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үгс болчхоод байна.

Хэн ч эх орноосоо явах тухай бодохгүй, хэн ч  гадны улсад очиж, хөдөлмөр эрхлэх тухай санадаггүй болсон тэр цагт л Монголын нийгэм сайхан болжээ гэж хэн бүхэн бодно. Ядаж л гадаад явж хар хөдөлмөр эрхлэх талаар хэний ч толгойд орж ирэхгүй шүү дээ.

Ялангуяа цар тахлын дараа олон аж ахуй нэгж хаалгаа барьж, ажилгүйдлийн тоо эрс нэмэгдсэн энэ цагт мөнгө олох мөрөөдөл тээсэн олон залуус гадаадыг зорих, зорихыг мөрөөдөх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж