“Z” үеийнхэнд тохирсон шинэ боловсролын систем хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.11.23-нд нийтлэгдсэн

“Z” үеийнхэнд тохирсон шинэ боловсролын систем хэрэгтэй

“Z” үеийнхэнд тохирсон шинэ боловсролын систем хэрэгтэй

Үе хоорондын ялгааны талаарх ойлголтыг хүмүүс ихээр сонирхох болсон. Тиймээс энэ удаа үе хоорондын ялгаа тэр дундаас “Z” үеийн хүүхэд, залуусын онцлогийн талаар судалж буй Нийслэлийн 106 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш М.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Та хийж буй судалгааныхаа талаар танилцуулахгүй юу? Хэзээнээс үе хоорондын ялгааны онцлогийг судлах болсон бэ?

-Би багаасаа багш болох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ эрхзүй, бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа л нийгмийн багш мэргэжлийг эзэмшихээр сэтгэл шулуудсан. Багадаа онц сурдаг сурагч байсан ч өөр сургууль руу шилжээд дөрөвдүгээр ангиасаа муу сурдаг хүүхэд болсон. Тиймээс хүүхдийн сурлагын чанар суралцаж буй орчин нөхцөлөөс шалтгаалж байна уу эсвэл заах арга барилаас хамаарч байна уу? гэдгийг мэдэхийг хүсч судалгааны ажлаа эхлүүлсэн.  Хүүхдийн сайн эсвэл муу сурах шалтгааныг олж тэдэнд хэрхэн оновчтой, зөв аргаар боловсрол олгох нь багш хүний хувьд мэдэх хамгийн чухал зүйл. Тиймээс магистрын судалгааны ажлынхаа хүрээнд үе хоорондын ялгаатай байдлыг боловсролын системд харгалзаж үзэх нь яагаад чухал гэдгийг онцолсон.

Монгол Улсын боловсролын системийг хошигнож хэлбэл 50 настай эрэгтэй 16 настай охиныг найрч байгаатай зүйрлэж болно. Найрахдаа өөрийн хуучин аргаараа буюу 1970-1980 оныхоо аргыг л ашиглаад байна гэсэн үг. Өнөө цагт боловсролыг хүнд олгохдоо багш гэдэг мэргэжлийг мэдрүүлж биш хүүхдийг ойлгож, мэдэрч ажилладаг цаг болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тиймээс дэлхий нийтээр судалж буй үе хоорондын ялгаатай байдалд тохируулж боловсролын систем, заах арга барилаа шинэчлэх цаг болсон. Орчин үеийн хүүхдүүд юуг илүүтэй сонирхож, юунд анхаарлаа төвлөрүүлж, ямар бүтээлч зан төлөвтэй байгааг судлахгүйгээр хичээлийг хуучин уламжлалт хөтөлбөрийн хүрээнд заасаар байвал төдийлөн үр дүн гарахгүй. Багш бол эмчээс ч илүү аюултай мэргэжил. Мэс ажилбар буруу хийгдэхэд нэг хүний аминд эмч хүрнэ. Харин боловсролыг буруу олгосноор хэдэн зуун хүүхдийн амьдралыг тэр багш өөрчилж байгаа юм. Залуурдаж байгаа хүн зөв байвал тухайн сурагч амжилтад хүрэх нь тодорхой. Тийм учраас өнөөдрийн “Z” үеийн хүүхдүүдийн хандлага, боловсролыг сурах хүсэл хаашаа чиглэж байгааг судлах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан.

-Судалгаа хийхдээ ажиглалт, ярилцлага гэх мэт олон арга ашиглаж, үр дүнг боловсруулдаг уу?

-Энэхүү судалгааны ажил маань практик дээр суурилсан. Өнөөдрийн боловсролын систем бол хүүхдийг 100 хувь хайрцаглаж, уламжлалт арга барилаар сургахыг оролдож байна. Одоо цагт “Z” үеийн хүүхдүүд аливаа зүйлийг 3D, 4D технологи буюу бодитоор мэдэхийг хүсдэг болсон. Өөрөөр хэлбэл өнөө цагт хүүхдүүд алга шиг жижиг зүйлээс маш том мэдлэг авахыг эрмэлзэж байна. Задгай сэтгэлгээтэй хүүхдүүдэд цэгцтэй мэдлэг олгохын тулд 1+1+1=3 гэж заах нь хоцрогдсон. Хичээлийг цаг үетэй нь холбож шинэ аргаар заах нь хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг төрүүлж байна. Өөсрдийнхөө хэрэглэж, таньж мэдэж буй зүйлээр төсөөлж хичээлээ сурах нь тэдгээр хүүхдүүдийн анхаарлыг дээд цэгт төвлөрүүлдэг. Тэгэхлээр хуучин хэв загвартай боловсролын тогтолцоонд өөрчлөлт хэрэгтэй байгаа юм.

УЛАМЖЛАЛТ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ “Z” ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛЖ ШИНЭЧЛЭХ БОЛСОН

-Та судалгаагаа сургууль болон БШУЯ-нд танилцуулж, энэ чиглэлээр илүүтэй анхаарах, ойлголт мэдээллийг олон нийтэд танилцуулах боломжтой юу?

-Судалгааг магистрын ажлын хүрээнд хийсэн учраас яам болоод сургуульдаа танилцуулах бодол байгаагүй. Гэхдээ олон багш нар миний судалгааны ажилтай танилцаад өнөөгийн хүүхдүүдэд ийм арга барилаар хичээл заах нь зөв юм байна гэдэг дүгнэлт хийвэл миний ажлын үр дүн гарна. Аливаа зүйл бүхэн үе шаттай. Багш хүүхдийнхээ юу хүсч байгааг мэдэхгүй өөрийнхөө боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд л хичээл ороод байвал цагийг дэмий урсгаж байна гэсэн үг. Хүүхэд бүхэнд сурах авьяас бий. Гол нь тухайн хүүхдэд тохирсон арга барилыг л зөв сонгох хэрэгтэй.

-“Z” үе бусад үеэс юугаар ялгаатай вэ? Өмнөх болоод дараах үеэс ямар онцлогтой талаар ярихгүй юу?

-1999-2010 оны хооронд төрсөн, 7-23 настай хүүхэд, залуусыг “Z” үед хамааруулж байгаа. Энэ үеийн залуус ухаалаг тоног төхөөрөмж, интернетийн тусламжтайгаар дэлхий ертөнцтэй танилцаж байна. Өөрөөр хэлбэл технологи тэднийг уламжлалт сэтгэлгээнээс аль хэдийн түрүүлж алхуулж байгаа юм. Сурч мэдсэн зүйлээ бодит зүйл болгох шинэ хүмүүстэй танилцах, туршлага хуримтлуулах хүсэл бусад үеийнхнээс энэ үеийнхэнд  илүү байдаг. Тиймээс ямар ч сорилт бэрхшээл, тулгарсан дасан зохицож даван туулах сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлтэй хүүхдүүд өнөөдөр өсөн торниж сурч боловсорч байна.

-“Z” үе дотроо нас насны онцлогоос хамааралтай ялгарал байна уу?

-Үе болгож авч үзэж байгаа учраас насны хувьд гэхээс илүүтэй бусад үеийнхэнтэй харьцуулах нь зөв байх. Тухайлбал энэ үед хамаарч буй залуус мэдээллийг хүлээж авч боловсруулахдаа бусад үеийнхнээс хурдан. Гэхдээ “Y” үеийнхэнтэй харьцуулбал анхаарал төвлөрөлт муу. Учир нь “Z” үеийнхэн хичээлээ хийж байхдаа утсаа оролдох, фейсбүүк орох, дуу сонсох гэх мэт олон зүйл рүү хөрвөх чадвартай болсон. Энэ бол буруу биш. Цаг үеэ дагаж хөгжиж байгаа зүйл. Тэгэхлээр Монголд энэ үеийн хүүхдүүдэд тохирсон сургалтын шинэ систем хэрэгтэй.

Энэ үеийнхэн уламжлалт танхимын сургалтаас илүүтэйгээр  цахим болоод танхим хосолсон шинэлэг сонирхолтой байдлаар буюу анхаарлыг нь татаж тэднийг хөгжөөж буй сэдвээрээ дамжуулж сургалт үйлчилгээг авах сонирхолтой. Бид “Z” үеийн сэтгэл зүйн онцлог сурах арга барилыг сайн ойлгохгүй бүрэн судлаагүй учраас хуучин уламжлалт арга барилаар зүтгүүлээд байна гэж харж байгаа.

-Судалгаанаас гарах үр дүн, дүгнэлтийг цаашид хэрхэн ашиглах вэ?

-Судалгаагаа олон хүнд танилцуулахыг хүсч байна. Зөвхөн багш гэлтгүй эцэг, эхчүүдэд ч танилцуулна. Аав, ээжүүд миний үед ийм байсан. Ингэж сураад болоод л байсан. Чи яахаараа өөр аргаар сурдаг юм гэж загнадаг. Хүүхэд нь ярилцахыг хүссэн ч тоодоггүй. Өдий жаахнаасаа гэж харьцдаг. Энэ бол маш буруу. 30 жилийн өмнөх сургалтын системээр таны хүүхэд өнөөдөр сурах боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дижитал эринд амьдарч байгаа хүний хувьд эцэг, эхчүүд, багш нар үүнийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

-Дэлхийд энэ төрлийн судалгааны ажлууд олон хийгдсэн. Таны судалгаанд монгол хүүхдүүдийн онцлог тусгагдсан уу?

-Өссөн орчин, гэр бүлийн соёл гэдгээр ялгарч, харьцуулагдахаас биш ерөнхий хандлагын хувьд ямар ч ялгаагүй. Дижитал эрин үеийн хүүхдүүдийн чиг хандлага ойролцоо болсон. Гар утас, интернет л байвал дэлхийн аль орчны хүүхэдтэй толь ашиглаад л харьцаж чадна. Эсвэл гадаад хэлээ сайжруулаад өөр орны хүүхдүүдтэй хамтраад хичээлийнхээ хүрээнд контент хүртэл хийж байна.

-Багш хүний хувьд энэ насны хүүхдүүдтэй байнга харилцдаг байх. Харилцаанд хүндрэл учирдаг уу?

-Сармагчин, яст мэлхий, туулай, загас гээд өөр, өөр амьтныг модруу нэгэн зэрэг авир гэх нь өрөөсгөл. Үүнтэй адилаар хүүхэд бүхэнд сурах арга барил ялгаатай байдаг. Харилцаанаас харилцаа үүсдэг учир тэдэнд юу тулгамдаж, юу санааг нь зовоож байгааг ярилцаж байж мэддэг. Багш нь найз шиг байж тэдний бодлыг мэднэ. Тиймээс хүүхдүүдтэйгээ ярилцахыг чухалчилдаг. Би хэнд ч таны хүүхэд сурах авьяасгүй гэж хэлдэггүй. Гол нь онцлогт нь тохирсон арга барилыг таних л хэрэгтэй.

-Энэ үеийн хүүхэд, залууст хичээлийг ямар арга барилаар заах нь илүү үр дүнтэй вэ?

-Миний хувьд давхардсан тоогоор 6-11 дүгээр ангийн 400 гаруй хүүхдэд хичээл ордог. Хичээл заахын тулд хүүхдийг эхлээд судлах нь чухал. Бид хүүхдээ өнөөгийн боловсролын системийн хүрээнд тавигдаж буй дүнгээр дүгнэх нь буруу. А, Б, В гэж заагаад түүнийг нь ягштал цээжилснээр нь хүүхдийн сайн мууг дүгнэж байвал утгагүй. Багш нар бүх хүүхдийг байгалиас сурах өгөгдөлтэй гэж цааргалахгүй харилцах нь гол анхаарах асуудал. Чи бүтэхгүй, сурахгүй гээд байвал хүүхэд шантарна. “Z” үеийнхэн жаахан ширүүн үг хэлбэл сөрөг хандлага гаргадаг болсон. Тиймээс хандлагыг нь урамшуулж үргэлж дэмжих нь чухал.

-Эцэг, эхчүүд юун дээр анхаарч энэ үеийн хүүхдүүдийг дэмжвэл зохих вэ?

-Үе хоорондын ялгааг жаахан ч болтугай судлах нь зүйтэй гэж бодож байна. Энэхүү ялгаа нь таны төрсөн хугацаанд дэлхий нийтэд ямар үйл явдал болж байгаа болон техник технологи, улс төр, даяаршлын ямар соёл бий болон нөлөөлж байгаагаас шалтгаалдаг. Тухайн үед төрсөн хүмүүсийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, хүүхдүүдийн өсөж торниж буй орчин нийгэмшиж байгаа нь харилцан ялгаатай байдаг учраас үе хооронд ялгаа гардаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөд хүртэл нөлөөлдөг. Тухайн үед төрсөн хүмүүсийн зан төлөв, сэтгэл зүй, сэтгэлгээний онцлог нь харилцан ялгаатай болж байна гэсэн үг юм. Хүмүүс өөрийгөө аль үед орохоо төдийлөн мэддэггүй.

  •  1900-1923 онд төрөгсөд “G.I” буюу “Баатруудын үеийнхэн”,
  • 1923-1943 онд төрөгсөд “Silent” буюу “Орхигдсон үеийнхэн”,
  • 1943-1963 оныхон “Baby boomers”,
  • 1963-1983 онд төрөгсөд “X” буюу “Тодорхой бус үеийнхэн”
  • 1983-1999 онд төрөгсөд generation “Y” буюу “Миллениум”
  • 1999 оноос хойш төрөгсөд “Z” буюу Тоон технологи, дижитал үеийнхэн гэж тодорхойлогддог. Тиймээс эцэг, эхчүүд үе хоорондын  онцлогийн талаар ойлголттой байх нь хүүхэдтэйгээ харилцахад гол нөлөөл үзүүлнэ гэсэн үг.

-“Z” үеийнхний дунд сургуулийн орчинд үйлдэгдэх хүчирхийлэл, үеийнхнээ дээрэлхэх тохиолдол сүүлийн жилүүдэд өсч байгаа тоон мэдээлэл байна. Энэ төрлийн хүүхдийн сэтгэлзүйн онцлогийг судалгаа хийхдээ харгалзсан уу?

-Хүний сэтгэлзүйд нөлөөлөхүйц өгүүллийг би хичээл дээрээ уншиж өгдөг. Ингэснээр тухайн хүүхэд ямар сэдэвтэй өгүүлэл дээр царайны хувирал үзүүлж байгаагаас сэтгэлзүйг нь харж чаддаг. Ерөнхийдөө гэр бүлийн дотоод орчноос хамааралтайгаар хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болох тохиолдол их бий. Тиймээс тухайн хүүхэдтэй харилцахдаа ярилцах нь их чухал. Судалгааны хүрээнд ч сурах арга барилын хувьд тухайн хүүхдийн онцлогт тохируулсан арга барилаар хандлагыг нь зөв болгох боломжтой.

-Багшийн ажлын хажуугаар судалгааны ажлаа хийх мэдээж хүндрэлтэй байх. Цаашид ямар судалгаа хийхээр төлөвлөж байна вэ?

-Хүүхдийн сурах арга барил болоод сургалтын системийг харгалзаж цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлж магадгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл бол хүүхэд сургуулиас залхдаг биш гэрээсээ сургууль руугаа яарч очдог тогтолцоог л сургалтын системд бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс хүүхдийн шилжилтийн насанд багш нарын зөвлөгөөн гэх мэт хурал хийхгүйгээр хүүхэдтэй асуудлыг ганцаарчилж, нүүр тулж ярилцаж шийдвэрлэх нь чухал. Түүнээс биш анги хамт олноороо нэг хүүхдийг гадуурхаж, чи буруу зүйл хийсэн гэж ад үзэх нь өнөөгийн “Z” үеийн залууст тохиромжгүй арга барил. Хамгийн чухал зүйл бол хүүхдэд мэдлэг олгох багш бол өө сэв гэхээс илүү яавал тухайн хүүхдийг сургаж чадах вэ? л гэдэг гол зүйл.

-Тэгвэл боловсролын системд ямар өөрчлөлт өнөөдөр дутагдаж байна вэ?

-Би томоор харж байж магадгүй. Гэхдээ багшийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш нарыг аль болох гадаадад мэргэжил эзэмшсэн, өнөө үеийн залуусыг ойлгодог шинэ үеэр хөгжүүлэх нь зүйтэй санагддаг. Энэ нь мундаг боловсролтой багш нарыг би үгүйсгэж байгаа зүйл биш. Би өөрөө ч тэднээс суралцсан. Гэхдээ орчин үеийн хүүхдүүдийг ойлгохын тулд багш нарыг залуужуулах нь зөв.

Мөн дөрвөн жил сураад л багш болдог биш хамгийн багадаа зургаан жил суралцах зүйтэй. Дөрвөн жил онолоо үзээд нэг жил дотоодод, дахин нэг жил гадаадад туршлага судалбал чанартай боловсон хүчин бэлтгэгдэнэ гэсэн үг.

Багш болох гэж байгаа хүний нүдийг нээлгэж, харах өнцгийг тэргүүн эгнээнд авч үзвэл боловсролын систем бүрэн утгаараа шинэчлэгдэх боломжтой. Түүнээс уламжлалт хэв загвараар яваад байвал Монголын боловсрол дэлхийд үнэлэгдэж чадахгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж