"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

 Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Комедиан Д.Амартүвшинд холбогдох шүүх хурал болсон. Шүүхээс түүнийг цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгосон юм. Иймээс Д.Амартүвшинтэй уулзаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд ярилцсанаа хүргэе.


-Зөрчлийн хуулиар таныг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ингэхэд өөрийг тань ямар асуудлаар шүүв. Шүүхийн шийдвэрийг харахад таныг яллахын төлөө л ялласан юм шиг ээ?

-Уг нь  үзэл бодлоо илэрхийлсэн юм.  Өнгөрсөн зун “Гацалт” флаш моб хийсний улмаас торгуулсан. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө ял авлаа гэж бодож байна.  Монгол олон улсын гэрээ конвенцид нэгдсэн орон. Гэтэл тэр гэрээ конвенци нь хааччихсан юм, бүү мэд.  Зургадугаар сарын сүүлээр“Гацалт” флаш мобыг зохион байгуулж, үйлчилгээний салбар дампуурсан, мөнгөгүй болсон, өр ширэнд идэгдсэн бизнесийн байгууллагад зориулаад гурван минутын гашуудлын зогсолт хийсэн юм.

Тэрэнд эрх баригчид эмзэглэсэн бололтой. Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн.  Долдугаар сарын 28-нд хавтаст хэрэгт гарын үсэг зуруулаад наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон.  Тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй гээд 14 хоног хойшилсон. Тэрнээс гурван сарын дараа гэнэт ухаан орсон юм шиг шүүх хурал зарлаад ийм юм болчихлоо.

-Шүүхийн шийдвэрийг та хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаа илэрхийлсэн байсан. Давж заалдах шатны шүүх шударга шийдвэр гаргаж чадах болов уу?

-Гол нь хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангаагүй материалтай шүүх танилцаад шийдвэр гаргасанд эмзэглэж байна. Нэг ёсондоо нотлох баримтын шаардлага хангахгүй байхад ял өгчхсөн. Заавал ял өгөх ёстой гэсэн даалгавар авсан юм шиг. Шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө орсон. Манай талаас нотлох баримтыг хууль зөрчиж бүрдүүлсэн талаар шүүгчид хэлсэн. Гэхдээ Зөрчлийн хэрэг болохоор хурдан шийдээд энэ хэргээс хурдхан салъя гэж бодсон юм шиг байна.

-Үүнийг та улс төрийн шалтгаантай гэж харж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт бид “Ковидын үеийн Монгол Улс” гэх форум зохион байгуулсан. Дөрвөн хүн зохион байгуулсны нэг нь би. Миний хувийн хардалт шүү. “Нөгөөдүүл”-ийг чимхээд ирэхээр эргээд шүүх цагдаагаар дарангуйлж байна гэж бодсон. Форумд оролцохдоо би хохирогч гээд өөрөөрөө жишээ авч ярьсан. Тэгэнгүүт ухаан орсон юм шиг  "Хүүе, энэ нөхрийн шүүх хурал юу боллоо" гэж бодсон байх.

-Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй барьцаж байгаагаа ч хэлсэн. Тэдэнтэй яагаад барьцаад байгаа юм бэ?

-Би барьцаж байгаа. Зөвхөн тэр хоёр ч биш. Өөр олон хүнтэй барьцаж байна. Өчнөөн үйл ажиллагаа хийж хийчхээд тэднийг болохоор торгодоггүй, би торгуулчихдаг. Тэгэхээр ямар ч хүнд шударга бус санагдаж таарна. Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарыг яриад байгаа нь тэр хоёр “Цахим үндэстэн” буюу хамгийн том хүний бөөгнөрөл үүсгэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл тэднийг болохоор шүүдэггүй, энгийн иргэдийг шүүдэг байж болохгүй. Энэ бол бидний эсэргүүцээд байгаа дабль стандарт. Энэ дабль стандартыг эсэргүүцэж, үгээ ил тод хэлэхийг хүссэн.

-Нэг хэсэг нь таныг шоу хийлээ гэж хардах.  Нөгөө хэсэг нь үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалж нийгмийн буруу үзэгдэлтэй ил тод тэмцэж байгаа цөөн хэдэн хүний нэг гэж дэмжиж байна. Та аль нь вэ?

-Би “Amraa’s weekly” шоугаа студидээ хангалттай хийчхээд байгаа. Өөрийгөө заавал шүүх дээр аваачих хүртлээ шоу хийх шаардлага байхгүй.

-МАН засгийн эрхийг авснаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг  торгодог, хууль шүүхээр айлгадаг боллоо. Хууль, шүүхээр айлгахаа байг гэх нь  нийгмийн сүлжээнд гутаах нь ихэссэн. Үүнээс болоод Монголд дарангуйлал тогтох вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд бий болсон шиг?

-Эрх мэдэл нэг газар хэтэрхий их бөөгнөрөхөөр угаасаа ийм юм болдог. Тогтвортой засаг нэрийн дор тогтвортой дарга нарын арми бий болчих вий гэсэн эмзэглэл байгааг нуухгүй.  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, АТГ, хууль, шүүх, тагнуул гээд төрийн махны машинууд, энэ бүх эрх мэдэл нэг намын гарт төвлөрчихлөө. Тэгэхээр эрх мэдэлдээ дулдуйдах асуудал гарч ирнэ. Эрх мэдэлдээ дулдуйдаж байгаа хүмүүст хүний эрх хамаагүй.

Эрх мэдлээ тогтооход Сovid-19 багагүй нэрмээс болсон. Сүүлийн үед хүмүүс “За ковидыг бол давчих юм шиг байна. Төртэй нийлчихлээр ёстой давахад хэцүү болчихлоо” гэдэг болсон байна шүү дээ.

-Эрх баригчдын ямар бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?

-Ядаж хуулийн өмнө эрх тэгш байя л даа. Жишээ нь, Цар тахлын хууль гээд аймшигтай хууль  гарсан. Нийт дөрвөн удаа өөрчлөлт оруулсан, 95 зүйл заалттай хууль. Хууль хэрэгжээд жил болох хугацаанд 95 заалтад өөрчлөлт хийсэн байна. Ийм хууль байж болдог юм уу. Үг үсэг, цэг, таслалыг болъё гэхэд концефцийн шинж чанартай өөрчлөлт хийсэн байна. Ийм хуулийг хүн бүрт тулгадаг хэрнээ өөрсдөө тэр хуулиа мөрддөггүй, өөрсдөдөө давуу байдал олгож хүссэн хүнээ томилдог, мөнгийг үрэн таран хийдэг "бамбай" нь болсон байна. Covid-19-ийн үед төсвөөс гадуур зарцуулсан мөнгийг олон нийтийн байгууллагууд ямар мөнгө хаагуур орсон,  хэн хаашаа зарцуулсан, юу хийсэн талаар судлахад нэг баримт шилэн дансанд тусгаагүй байгааг хэлсэн. Биднийг болохоор есөн шидийн ажиллагаа явуулаад хорьж цагдаад байдаг. Миний хувьд энэ жил 7-8 удаа цагдаад байцаалт өгч, гурван удаа шүүх хуралд оролцсон байна. Үүнийг би хуулийн дарангуйлал гэж бодож байна.

-Тэгэхээр энэ дарангуйллын эсрэг иргэд яаж тэмцэх ёстой юм бэ. Ихэнх нь амиа бодоод чимээгүй суудаг шүү дээ?  

-Иргэдэд ойлгуулах нь чухал. Мэдээлэлгүй хүмүүсийг дарангуйлахад илүү амар. Дарангуйлал хэрхэн тогтдог вэ гэвэл өөрсдийн хийж буй коррупци, ялзралаа нууж, түүгээр дамжуулж эрх мэдлээ тогтоогоод дарангуйлчихаж байгаа юм. Хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бүх мэдээллээ хаалттай болгож, мэдээллээ цензуртэйгээр сэтгүүлчдэд өгдөг, зөвхөн өөрийн хүссэн мэдээллээ өгдөг ийм байдлаар дарангуйлал тогтож байна.

БИ МАН-ЫН ХҮН 

-Та либериал үзэлтэй хүн. Тиймээс таныг АН-ын гишүүн гэж хүмүүс боддог.  Ингэхэд та намын батлахтай юу?

-Нам яривал би МАН-ын хүн болно. МАН-аас авсан улаан батлах байна. Би барууны үзэлтэй хүн. Олонхоороо шийдвэр гаргаж буй процессийг ардчилал гэдэг. Энэ утгаараа АН, МАН хоёулаа ардчилсан үзэлтэй.  Гол нь үнэт зүйл нь зүүний үзэлтэй юу, барууны үзэлтэй гэдэгт асуудал бий. Үнэндээ Гитлерийн үеийнх шиг тоталитар нам Монголд байхгүй.

 Монголын улс төрийн аль ч нам, АН, МАН ялгаагүй төрийг томруулах сонирхолтой. Тэр нь миний үзэл бодолтой таардаггүй. Тэгэхээр юу гэж намууд намайг тоох билээ. Би юу гэж намуудад үнэт зүйлээ худалдах билээ.

-Цаашид та улс төрд орох сонирхол бий юу. Гудамжнаас хашхирах, төрийн ордноос хашхирах өөр шүү дээ?

-Хүмүүс заавал эрх мэдэлд очиж байж улс төр хийдэг гэж боддог. Үгүй. Иргэн байхдаа  ч улс төр хийж болдог. Би бол аль хэдийнэ улс төрд орчихсон явж байна. Энэ чинь том улс төр байхгүй юу. Би нийгмийг хөдөлгөж байна шүү дээ. “Хууль яагаад шударга бус байгаа юм” гэдэг мессежийг хүмүүст хүргэнэ гэдэг аль хэдийнэ улс төр хийгээд эхэлчихсэн гэсэн үг.

Улс төр хийнэ гэхээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх тухай ярьдаг. Яг үнэнийг хэлэхэд би зарим УИХ-ын гишүүдээс ч илүү нийгэмд нөлөөлж чаддаг. Кнопны улстөрчөөс гудамжны улстөрч нь илүү эрх чөлөөтэй.

Жишээ нь, А.Отгонбаатар гэдэг залуу улстөрч мөн. Тэр хүнийг улстөрч биш гэх боломжгүй. Тиймээс эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжилж, хүний эрх, эрх чөлөө, өөрийнхөө үнэт зүйлийн төлөө тэмцэж буй бүхэн улстөрч юм.

-Тэгэхээр таныг сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж ойлголоо?

-Магадгүй. Сонгууль бол үзэл санаагаа сурталчлах том зэвсэг байдаг. Жишээ нь, А.Отгонбаатар нөхөн сонгуулиар мөнгөгүй ч яаж сонгууль хийж болдгийг маш сайн харуулсан, өөрийгөө таниулсан, маш сайн сурталчилж чадсан. Түүн шиг төр жижигхэн байх ёстой шалтгааныг сонгуульд нэр дэвшиж байгаа юм шиг сурталчилж болно.

Түүнээс биш хоёр намын нэгэнд нь ороод албан тушаалд очих хүсэлтэй инфлүүнсэр байж болохгүй. Хүмүүсийн үнэт зүйлийн эсрэг өөрийгөө худалддаг инфлүүсэр байж болохгүй.  Ер нь төрд залуу хүн ажиллах ёстой гэдэгт санал нийлдэггүй. Хүн 50 нас хүрээд ирэхээр хүүхэн, шуухан мөнгө цаасны сонирхол нь буурдаг. Тиймээс нас  тогтсон үедээ УИХ-д орвол зүгээр санагддаг даа.  Хар л даа, УИХ-ын залуу  гишүүд яаж байна. Элдэв хэрэгт холбогдож нэр нүүрээ, улс төрийн карьераа баллаж байна шүү дээ.

-Хүмүүс  “No double standart”-ийг хүлээн зөвшөөрч байна. Та бүхнийг дэмждэг болсон байна. Илүү эрх эдэлсэн дарга нарт дургүйцдэг болжээ?

-Хүмүүс хуулийг өөр, өөрөөр хэрэгжүүлэхээс айж эхэлнэ. Цагдаагийн байгууллага ядаж л талбай дээр хэн ирэхээс үл хамаараад нэг шаардлага тавьж эхэлнэ. Улстөрч байна уу, өөр хэн байх нь хамаагүй. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх юм байна. Дайны болон, гамшгийн үеэс бусад тохиолдолд халдаж болдоггүй  гэдгийг ойлгож эхэлж байна.

Цагдаа нар ч гэсэн адилхан. Би байнга цагдаа нартай харилцдаг. Цагдаа нарын хандлага эрс өөр болж байгаа. Энэ чинь өөрчлөлт байхгүй юу.

-Та  инфлүүнсэр хүн. Нийгмийн төлөө цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

-Нийгэмд чиглэсэн юу  ч хиймээргүй байна. Одоо хийгээд буй зүйлийг би өөрийнхөө төлөө хийж байгаа. Би ажилгүй болоод мөнгөгүй болсон. Би өөрийнхөө төлөө явахгүй бол хэн ч миний төлөө явахгүй. Гэхдээ тэр нь бусад хүнд сайнаар нөлөөлж байгаа.

Түүнээс биш нийгмийн сайн сайхны төлөө би яваагүй. Би шударга бус байдалд өртсөн. Өөр хэн ч ял аваагүй. Би өөрийнхөө төлөө явж байгаа. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө юм хийх хүсэл сонирхол, цаг хугацаа ч алга.

-Ардчилал "амьд" байж чадаж байна уу?

-Ардчиллаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Ихэнх нь ардчилал, эрх чөлөө хоёрыг нэг мэтээр ойлгодог. Ардчилал бол олонхоороо шийдвэр гаргадаг процессыг хэлдэг. Өөр юу  ч биш. Эрх чөлөө, хүний эрх биш. Ардчилал Монголд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ардчилал доторх үнэт зүйл гэж байдаг. Тэр нь ажиллахгүй байна. Олонхоор гар өргөөд хэн нэгний үсийг хуслаа гэж бодвол энэ нь ардчилал мөн. Хэдийгээр гурван сая хүний 2.9 сая нь чиний үсийг хусъя гэж хэлсэн ч чиний халдашгүй байдал хангагдаж байх ёстой. Үүнийг үнэт зүйл гэж яриад байгаа. Ардчилал Монголд улам хөгжиж байгаа, асуудал ч байгаа. Манайх бүр муудсан гэж бодохгүй байна. Хүмүүс улам ухаалаг болж буй. Энэ үед хамаг эрх мэдэл нэг намд төвлөрсөн учир эрх мэдэлдээ дулдуйдаж хүний эрхийг зөрчиж болно гэж боддог, цүнх баригч даргын бөгс долоодог нөхдүүд нь даргадаа таалагдах процесс Монголд байгаа байх аа.

-Та шүүхийн шийдвэр гарсны дараа "Би дүрэвмээр байна" гэж байсан. Нээрэн дүрвэмээр байгаа юм уу?

-Гадаад явна гэж юу байх вэ. Миний хэлж буй санаа нь хууль хүн бүрт тэгш үйлчилдэг юм бол энийгээ үзүүлээ.

Та нар тусдаа эрхтэй, хууль та нарт үйлчлээд бидэнд үйлчлэхгүй гэж байгаа бол түүнийгээ хэлчих ээ. Эртхэн замаа бодъё. Хэрвээ дарангуйлал тогтоох гэж байгаа бол хэлчихсэн нь дээр биз дээ.

Бид амьдралаа бодоод Монголоос дүрвэнэ шүү дээ. Угаасаа дарангуйлалтай улсаас иргэд нь дүрвэдэг биз дээ. Түүнийг л хэлж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж