Австралийн томоохон хотуудад Бямба гаригт “Covid-19”-ийн вакцинжуулалт болон мандатыг эсэргүүцсэн өргөн олныг хамарсан жагсаал болов. Вакцины мандатыг бүх нийтэд бус зөвхөн тодорхой хүрээний ажил мэргэжлийн хүмүүст олгож байгаа ч иргэд үүнийг ихэд эсэргүүцэж байгаа нь жагсаалаас харагджээ.
Тус улсад вакцинжуулалтын хөтөлбөр сайн дурын үндсэн дээр амжилттай хэрэгжиж, насанд хүрсэн хүн амын 85 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
Тэр дундаа Мельбурн хотод цугласан хэдэн мянган жагсагч мужийн захирагч Даниел Эндрюсийг шоронд хорихыг уриалжээ. Тус хотод болж өнгөрсөн өмнөх жагсаалын үеэр иргэд төрийн удирдагчдыг дүүжлэхийг уриалж байсан нь хүчирхийлэлд хүргэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байв.
Харин Сидней хотод болсон жагсаалд 10 мянган орчим хүн оролцжээ. Тэдний дунд "Зоригт зүрх" кинонд гардаг Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч Уильям Уоллесийг санагдуулам нэгэн байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дууриан хувцасласан өөр нэгэн ч байж.
Сиднейн жагсагчдын хувьд вакцинжуулалтын цаана далд хуйвалдааны онол байгаа талаар шуугиж байв. Жагсагчдын нэг болох баруун жигүүрийн улстөрч Крэйг Келли "Манай улсын эрүүл мэндийн салбарыг нууц бүлэглэл удирдаж, хүүхдүүдийг вакцинжуулахыг оролдож байна" гэжээ.
Мельбурн хотод дээрх жагсаалыг эсэргүүцсэн 2000 хүнийг хамарсан жагсаал болж өнгөрөв. Энэ нь цар тахал гарснаас хойш вакцинжуулалтын эсрэг жагсаалыг эсэргүүцсэн анхны жагсаал болсноороо онцлог байв. Жагсагчдын нэг Морин Хилл "Манай хотод болж буй зүйлд дургүйцлээ илэрхийлэхийн тулд би энд ирсэн" гэжээ.
“Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гаргасан шийдвэрүүд хүний амь нас аврахын төлөө байсан. Зарим арга хэмжээ хүмүүсийг бухимдуулж, олон хүний амьдралд нөлөөлсөн нь үнэн. Гэвч энэ бол дэлхий нийтэд тархсан цар тахал шүү дээ. Бид өөрөөр байх боломжтой байсан гэж үү?” хэмээн Хилл хэлсэн байна.
Дашрамд дурдахад, 25 сая гаруй хүн амтай Австрали улсад цар тахал эхэлснээс хойш “Covid-19”-ийн 195 мянган тохиолдол бүртгэгдэж, 1933 хүн нас баржээ.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ