"Кибер дайралтууд өдөр бүр Монголын үүдийг тогшиж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

"Кибер дайралтууд өдөр бүр Монголын үүдийг тогшиж байна"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.

 


"ӨРХИЙН ЭМЧ НАРЫГ 1.5-2 САЯАР ЦАЛИНЖУУЛДАГ БОЛОХ ЁСТОЙ"

УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбарт өрнөж буй шинэчлэл, ирэх оны төсвийн зарцуулалтын хүрээнд ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт хийж буйн нэг нь цахим шинэчлэл. Энэ салбар цахим руу шилжсэнээр ямар дэвшил гарах вэ? Үүнийг 2022 онд багтааж ажил хэрэг болж чадах уу. Хэрвээ цахим болчихвол эмнэлгийн хүнд суртал арилах уу?

-Эрүүл мэндийн салбарт үндсэн гурван суурь багана бий. Нэг дэх нь санхүүжилтийн тогтолцоо. Хоёр дахь нь цахим шилжилт юм. Цахим шилжилт  нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй газрууд нэг програмаар хэнийг ямар оношоор, яаж эмчилсэн зэрэг эмчилгээний бүх процесс, зардал өртөг нь бүртгэгддэг тогтолцоог хэлж байгаа юм. Уг тогтолцоогоор дамжуулаад Улсын даатгалын ерөнхий газраас мөнгөө нэхэмжилбэл бодитой эсэхийг нь шалгасны эцэст санхүүжилтээ өгдөг байх юм. Энэ бол том алхам. Өөрөөр хэлбэл, иргэд өвчлөлийн талаарх мэдээллээ эмчид үзүүлэхдээ электрон системд суурилсан цахим түүхээ үзүүлээд л болчихно гэсэн үг. Жишээ нь, иргэд ялангуяа эмээ, өвөө нар эмчийн үзлэг оношилгоо, өвчний зузаан түүхээ бариад явдаг байсан бол цахим болсноор тэгэх шаардлагагүй болж байна.

Монгол Улс баян орон биш учраас үрэлгэн зардлаас холдох ёстой.

Улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт хийсэн шинжилгээг өөр газар давтах хэрэг байхгүй. Хэрэв цахим руу шилжвэл тухайн эмч шинжилгээг харлаа, дахиад шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг нягтлаад, оношоо тавиад явчихна. Мөн эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцоно. Жишээ нь, осолд ороод, ухаангүй болчихсон, бичиг баримтгүй эмнэлэгт ирлээ гэж бодъё. Тухайн хүн эмэнд харшилтай байвал яах вэ. Харшилдаг тариаг нь хийснээс болж "шок"-нд ороод үхчихвэл яах вэ. Тиймээс иргэний өвчний түүх, эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллийг нэг системд оруулснаар олон дэвшил гарна. Энэ системийг эмч, өвчтөнд ээлтэй систем гэж харж байна. Уг асуудал дэлхийн банкны санхүүжилтээр хийгдээд, 2018 оноос хойш гацсан байсан. Миний хувьд Инноваци цахим бодлогын байнгын хорооны гишүүний үүднээс ажлын хэсгийг ахалж, дээрх ажлыг гацаанаас гаргалаа. 2022 оны зургадугаар сар гэхэд бүх ажил дуусах төлөвтэй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДЭД ХҮНДЭЭР ТУСНА"

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн профессор Ч.Наранчимэгтэй ярилцлаа.


Засгийн газар аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих зорилгоор "10 их наяд"-ын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь өрхийн орлогыг дэмжиж чадсан уу. Цар тахлын үед иргэдийнхээ орлого, ажлын байрыг хамгаалахаар гаргасан төрийн бодлого шийдвэрүүд нүдээ олсон уу?

-Хүн бүр ажилтай байвал өрхийн орлого тодорхой түвшинд байна. Орлоготой байхын хэрээр наад захын амин зуулгын хэрэгцээг хангах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлсэн 10 их наядын зээл  бодит дэмжлэг болж чадаагүй.

Зээлийн хүртээмж хэр байв, иргэн, аж ахуйн нэгжүүд хэрэгцээтэй зээлээ авч чадсан эсэх нь эргэлзээтэй. Жишээ нь, материал бүрдүүлж чадаагүй, шалгуур өндөр байна гэсэн хүмүүс их  байдаг. Хэрэв зээл нүдээ олж жижиг дунд үйлдвэрлэгчид зээл авсан бол ажлын байр тэлэх ёстой.

Энэ хэрээр иргэд ажилтай, орлоготой болно. Дагаад өрхийн орлого ч нэмэгдэнэ. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэгчид хаалгаа барих нь цөөнгүй байна. Хил хаагдсантай холбоотой түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлттэй холбоотой ажилтнуудаа цомхтгох, бүтцийн өөрчлөлт хийх, хаалгаа барихад хүртэл нөлөөлж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"КИБЕР ДАЙРАЛТУУД ӨДӨР БҮР МОНГОЛЫН ҮҮДИЙГ ТОГШИЖ БАЙНА"

Кибер аюулгүй байдал сонирхогч, судлаач О.Энхбаттай ярилцлаа.


-Монгол Улс цахим үндэстэн болохоо зарласан. Нэг талаар төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа ч сөрөг үр дагавар нь  иргэдийнхээ мэдээллийг гадагш нь алдах эрсдэлтэй. Та үүнийг юу гэж харж байна?

-Энэ бол хийх ёстой зүйл. Нэгэнт энэ замаар явна гээд шийдсэн бол нэг зүгт хараад бүх нийтээрээ анхаарч, тэмүүлэх хэрэгтэй байх. Төрийн үйлчилгээнүүд цахимжиж, заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, онлайнаар авч болж байна гэдэг бол маш том дэвшил. Цахим үндэстэн болох чиглэлд явна гээд шийдсэн бол урт хугацааны суурь зүйлсээ бэлдээд улам сайжруулах шаардлагатай. Төрийн байгууллагуудын иргэдийн бүх төрлийн мэдээлэл агуулсан системүүд нэгэн зэрэг ажиллаад эхлэхээр хакеруудын бай болох эрсдэл нь нэмэгдэнэ. Тиймээс иргэдийн мэдээллийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Цахим үндэстэн болохын тулд технологийн хувьд кибер аюулгүй байдлын оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна анзаараад байхад нийт иргэдийн дунд мэдээллийн аюулгүй байдлын ойлголт хангалтгүй байгаа нь өөрөө эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал, азтан шалгаруулах лайвын доор утасны дугаараа, регистрын дугаараа бичих жишээний. Ямар мэдээллийг хэнд өгөх, өгч болохгүй вэ гэдгээ иргэд мэдэхгүй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж