УИХ дахь МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан. Хахууль авсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач" гэх горимын санал гаргасан. Улмаар УИХ өчигдөр /2021.11.19/ дээрх хуулийн төслийг хэлэлцээд хэлэлцэхээс татгалзан хууль санаачлагч Т.Аюурсайхан нарын гишүүдэд буцаав.
ЖОЛООЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ ӨМНӨХ ХУУЛИАС ДЭЭРДСЭН ЗҮЙЛ АЛГА
Чуулганы үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн. Учир нь жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиас дээрдсэн зүйл алга. Оруулж ирсэн хуульд Даатгалын корпораци, Үндэсний зөвлөл байгуулах асуудал тусгагдсан байсан. Нэгэнт хэвшсэн асуудлыг Даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагаар шийдүүлэх нь буруу. Тиймээс үүнийг төр биш хувийн хэвшил зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, даатгуулагчийн даатгалын мөнгөөр нөхөн төлбөр олгохоос гадна, сургалт сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг давтан сургалтад хамруулах зэрэгт зарцуулах гэж байгаа нь буруу учраас дэмжих боломжгүй"гэв.
БИД ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭЭРЭМДЭХ ГЭЭГҮЙ
Тус хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын их олон гишүүн даатгалын компаниудын өмнөөс асуулт асуусан. Харин сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж асуулт асуусан нь ховор. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг явагдсан. Даатгалын компаниуд улстөрчдийн санхүүжүүлдэг. Тэд зүй бус ашгаа арван жил хамгаалуулж байна. Би цааш нь үүнийг бодит жишээтэй нь ярина. Бид хувийн хэвшлийг дээрэмдэх гээгүй. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн пиарт зохиулж 300 сая төгрөг зарцуулсан. Би бүлгийн хурал дээр хэний ямар компани үүнийг тараагаад байгаа талаарх мэдээллийг нэртэй нь хэлсэн" гэдгийг онцлов.
ДААТГАЛЫН КОМПАНИУД 120 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАДАГ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Жолоочийн даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө эрсдэлээ хамтаар үүрэх байсан хууль. Энэ нь хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль. Үүнийг төрд авах асуудал яригдаагүй. Би уг нь энэ хуулийг чимээгүй дэмжинэ гэж бодсон. Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Зарим гишүүд бас ийм утгагүй зүйл ярьсан. Даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолоочдоос хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн 120 тэрбум төгрөг эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монополь эрхтэй, төрөөс тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байна. Үндсэн хуульд төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр авна гээгүй зөвхөн зохицуулалт л хийх гэж байсан. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан" гэлээ.
Холбоотой мэдээ