УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа  өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа. Уг суудалд “өөрийн хүнээ” томилох гэсэн хүмүүс  улс төрийн хүрээнд олон бий.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд байсан.  Гэвч энэ тохироо өөрчлөгдөж, Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор болжээ.  Энэ сарын 24-нд УБТЗ-ын Ерөнхий хороо хуралдаж удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.  Ийнхүү удтал тохиролцож чадахгүй, санал болгосон хүмүүсийг нь “голж” байсан томилгоо удахгүй шийдэгдэх нь. 

Х.ХЭРЛЭНГИЙН ХОМ

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй. 2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлоггүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land  rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Түүний хувьд бусад агентлаг газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохьдог. Х.Хэрлэн   1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй ч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татаж байв.  Намтрыг цааш үргэлжлүүлвэл  “Монгол шуудан” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн түүхтэй. 

ОРОСЫН ТАЛ УБТЗ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НАРААС ЯАГААД ТАТГАЛЗАВ

Өнгөрсөн хугацаанд Оросын талд таалагдах хүн олох гэж Монголын улс төрчид "үйлээ" үзсэн. Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан.

Тэдний зүгээс  “УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улстөрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал.  Ерөнхийдөө Монголын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга” гэж дүгнэжээ.

Г.Сэрээнэндоржийн хувьд  өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа өндөр үнэтэй худалдан авалт хийсний улмаас Авлигатай тэмцэх газарт /АТГ/  шалгагдаж, удалгүй хэд хэдэн удаагийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн хуульд хамрагдсан юм.  Дараагийнх нь Б.Даваасүрэн. Тэрбээр  Дундговь аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар зургаан жил ажилласан.

Монголын улстөрчид бодож, бодож хамгийн сүүлд Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан. Бас л АТГ-ын хар дансанд бүртгэлтэй хүнд гаруудын нэгийг санал болгосон нь төмөр замчдын хүртэл дургүйцлийг хүргэсэн.  Одоогийн сайд Л.Халтарын хийж байсан ажил болох Төмөр замын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хариуцсан орлогч даргыг Замын даргаар санал болгож байгаад Оросууд үнэхээр эгдүүцэн , хүлээж авахаас татгалзсан гэдэг. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж