Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ өнгөрсөн Пүрэв гаригт /2021.11.18/ хэлэлцсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд томилох асуудлаар тав хоногийн завсарлага авсан бол ШСХ-ны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан хүн нэр дэвшээд байсан. Тэднээс тавыг нь сонгох учиртай тул байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Д.Зүмбэрэллхамыг хассан. Ингэснээр Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшээд байна. Тэдний томилгоог ирэх долоо хоногийн Пүрэв гаригт хэлэлцэнэ.
Монголын шүүх засаглалын хүнд сурталыг арилгах, хувьд хүнд үйлчилдэг тогтолцоох халах, хариуцлага тооцдог болох үүднээс шүүхийн реформыг эхлүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хууль шинээр хэрэгжиж ирсэн агаад энэ хүрээнд өрнөж буй томилгоо улс төр, хуулийнхны анхаарлын төвд байсан. Учир нь эдгээр нэр дэвшигчид шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд дээрх томилгооны асуудлыг анх удаа нээлттэй явуулсан гэдгээрээ онцлог байв.
Учир нь томилгооны сонсголыг нээлттэй явуулсан нь хаалттай хаалганы цаана томилогддог “Халаасны хүн”, “Цүнх баригч”-дыг халах алхмын эхний алхам болохыг ХЗБХ-ын гишүүд хэлж байсан юм.
ТЭГВЭЛ БАЙНГЫН ХОРООНЫ "ГАЛ ТОГООНД" ЮУ ӨРНӨВ
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсгийн сонгон шалгаруулж оруулж ирсэн тэдгээр нэр дэвшигчдэд хамгийн реакцласан нь Х.Нямбаатар, Н.Алтанхуяг нар. Тэд ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баталсан журмаа зөрчиж, өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам, Д.Эрдэнэчулуун нарыг оруулж ирсэн гэж буруутгаж, С.Бямбацогтыг хардаж буйгаа нуугаагүй. ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн нь Д.Эрдэнэчулуун нь Монгол Улсын 500 шүүгчийн 200-г нь “томилсон”. Мөн түүний эхнэр Улсын дээд шүүхэд ажилладаг.
Тиймдээ ч Х.Нямбаатар нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд садаа болох учраас нэрээ татахыг нөхөрсгөөр зөвлөсөн.
Д.Эрдэнэчулууны хувьд "Би шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажилласан. Албан тушаалаасаа чөлөөлөгдөөд, хоёр жил болж байна. Би ШЕЗ-ийн гишүүн, шүүхийн захиргааны ажилтан биш. Тиймээс би хуулийн хориглох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүхийн ажлын онцлогийг сайн мэднэ. Тиймээс тавигдах мэргэжлийн болон ёс зүйн стандартад захирагдаж, хэний ч нөлөөнд автахгүйгээр ажиллаж чадна. Шулуухан хэлэхэд намайг нөлөөнд автах вий гэж хардах үндэслэлтэй ч би хэн нэгний нөлөөнд автахгүй" гэдгээ хэлсэн.
Байнгын хорооны гишүүд бүгдээрээ нэр дэвшигчдэд хатуурхсан гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Н.Учралаас эхлээд нээлттэй сонсгол явуулсан нь нэр дэвшигчдийг муу нэр зүүхэд хүргэлээ гэж эмзэглэсэн ч Ж.Сүхбаатар гишүүн үүнийг тас цохиж, хэрэвзээ нээлттэй сонсголоос эмзэглэж буй бол нэр дэвших хэрэггүйг "зөвлөж" байлаа. Ийнхүү наанаа хатуу ширүүн ааш гаргаж, нэр дэвшигчдийг хяргах нь холгүй байсан ХЗБХ-ын гишүүд цаанаа горилогчдын нэгээс бусдыг нь дэмжин УИХ-руу оруулсан юм.
Холбоотой мэдээ