Алдарт хөлбөмбөгчин асан Марадонагийн тоглож байсан Наполи багийн цэнгэлдэхийн гадна түүний хөшөө сүндэрлэхээр болжээ. Аргентины домог 2020 онд таалал төгссөн бөгөөд удалгүй Наполи баг цэнгэлдэхийнхээ нэрийг “Stadio Diego Armando Maradona” болгон өөрчилж түүнд хүндэтгэл үзүүлж байсан юм.
Уг хөшөөг талийгаачийн найз Стефано Чечи Наплес хотын иргэдийн хандиваар бүтээжээ. Хөшөө нь Марадонагийн бодит хэмжээтэй 3D аж.
Бүтээлийг урласан Стефано Чечи ярихдаа: “Би түүнийг энэ хотын хүндэт иргэн болсон тэр өдөр л түүнд хөшөө барьж өгнө гэж амлаж байсан. Цэнгэлдэх доторх гүйлтийн замаар хөшөөг бүтэн тойруулж үзэгчдэд үзүүлсний дараагаар цэнгэлдэхийн хаа нэг газрыг сонгон авч байрлуулах болно” гэжээ.
Наполи баг Сери А лигийн дараагийн тойрогт талбай дээрээ Лацио багийг хүлээн авах болно. Уг тоглолт болохоос өмнө уг хөшөө хөгжөөн дэмжигчдэд ил болох төлөвлөгөөтэй байна. Уг хөшөө нь Марадонаг бурхан болсноос хойш нэг жил гурав хоногийн дараа ийнхүү нээлтээ хийхээр төлөвлөж байгаагаараа онцлогтой.
Холбоотой мэдээ