Сүүлийн үед Иракийн Курдистан автономит улсаас гаралтай "1877 Team" Монголын төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага үйлдэх болсон. Тэгвэл тус багийн зүгээс өчигдөр/2021.11.18/ өөрсдийн телеграм хуудаснаа халдсан байгууллагуудынхаа мэдээллийг хулгайлдаггүй гэдгээ мэдэгджээ.
"1877 Team”-ийн мэдэгдэлд “Бид өгөгдлийн санд халдаж мэдээлэл хулгайлж, тагнадаггүй. Бид зүгээр л та нарын системд нэвтэрч чадна гэдгээ харуулж, нүүр хуудсыг нь өөрчилдөг. Мөн бид нөөц болон өгөгдлийн санг нь устгадаггүй. Мэдээллээ алдлаа гэж айх хэрэггүй. Бид мэдээлэл, өгөгдөл хулгайлж, ил болгох, "doxxing" хийх, мэдээлэл зарах зэрэг хүүхдийн ажил хийдэггүй. Бид хэзээ ч хийж байгаагүй. Цаашдаа ч хийхгүй” гэжээ.
Харин Румыны мэдээллийн агентлагийг хакердаж, 100 ам.долларын биткойн нэхэмжилсэн талаараа “Бид хамгийн сүүлд жилийн өмнө нь л Румыны мэдээллийн агентлагийн эсрэг л “ransomware” хийсэн. Бид мөнгөний төлөө бус зөвхөн өөрсдийгөө сорих гэж тэгсэн юм. Дахиж “ransomware” довтолгоо хийгээгүй. FBI, CIA, NSA зэрэг хууль, цагдаагийн байгууллагууд бидэнтэй эн зэрэгцэхгүй байна. Бид Америкийн олон алдартай мэдээллийн сайтуудыг хакердсан. Бид FBI буюу Холбооны мөрдөх товчооны сабдомаиныг хакердсан. Гэхдээ тэд бидний халдлагын талаар нууцалсан. Учир тэд биднийг барьж чадахгүй” гэжээ.
Өнөөдөр/2021.11.19/ тэд өөрсдийн телеграм хуудаснаа “Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгийг хакердлаа” хэмээн зургаа оруулжээ.
Холбоотой мэдээ