"Метилпреднизолон эмийг энэ сарын 23-ны онгоцоор татан авна"

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

"Метилпреднизолон эмийг энэ сарын 23-ны онгоцоор татан авна"

"Метилпреднизолон эмийг энэ сарын 23-ны онгоцоор татан авна"

Хил хаасантай холбоотойгоор улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлт хомсдож, зарим нэг төрлийн эм тасарч зүү тариурын үнэ өсөөд буй. Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэрээс эм, тарианы нөөц хэр байгаа талаар тодрууллаа.


-Хятадын хил хаасантай холбоотойгоор дусал, тариа, зүү тасарсан. Одоо эм, тарианы нөөц хэр байна вэ?

-Монгол улс нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үндэсний ганцхан үйлдвэртэй. Түүнчлэн  "Монэнзим мед" компани үйлдвэрлэлд хэрэглэдэг үндсэн түүхий эдээ Солонгос улсаас импортлодог. Энэтхэг улсаас тасалдаад буй метилпреднизолон эмийг энэ сарын 23-ны онгоцоор татан авахаар болсон. Эдгээр ачаа ирснээр дуслын шингэн 66 хоногийн, нэг удаагийн тариур 37 хоногийн, дуслын систем 11 хоногийн, бусад нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тасалдал үүсэхээс сэргийллээ.

Эрүүл мэндийн байгууллагуудад болон зах зээлд одоогийн байдлаар зарим нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдах эрсдэлтэй байна. Тухайлбал актовегин эм тасалдаад удаж байна. Үүний гол шалтгаан нь дэлхий дахинд тухайн эмийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор 11 сард тасалдал үүсэх эрсдэлтэй байсан 113.8 тонн бүхий нэг удаагийн тариур, дуслын систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг Хятадаас хоёр удаа Солонгосоос нэг удаа онгоцоор татан авсан. Тээврийн зардлын дийлэнх хэсгийг Эрүүл мэндийн яамнаас төлсөн юм.

Мөн энэ сардаа багтааж Хятадаас 30 гаруй тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг татан авахаар ажиллаж байна.

-Монгол эм, эмнэлгийн хэрэгслийн түүхий эдээ хэчнээн улсаас авч, нөөцөлдөг вэ?

-Монгол эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эд, туслах материалаа Хятад, Орос, Солонгос, Энэтхэг улсаас голдуу импортолдог. Хятадын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсан, шууд нислэгийн тоо цөөн, онгоцонд ачих ачааны тоо хэмжээ хязгаартай, тээврийн зардал өндөр зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа юм.

-Одоогоор хэчнээн боомтоор ямар хэмжээний эм эмнэлэгийн хэрэгсэл татан авсан байна вэ?

-Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хятадын Эрээн боомтод 35 ханган нийлүүлэх байгууллагын ачаа, Тяньжин боомтод 14 ханган нийлүүлэх байгууллагын 37 чингэлэг ачаа саатсан бөгөөд 11 сарын 15-ны өдрийн байдлаар 16 чингэлэг эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа.

-Цар тахлын улмаас зүү тариур, шингэний хэрэглээ нэмэгдсэн. Энэ талаар судалгаа, тооцоо гарсан болов уу?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэн хомсдол үүсч үнэ нэмэгдэж басхүү тасалдаж байгаа. Эм хангамжийн байгууллагууд өнөөгийн эрэлтийг хангаж чадахгүй нөхцөлд хүрээд байна. Энэ оны 7-10 дугаар сард тарилгын шингэний хэрэглээ өмнөх үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн.

Мөн нэг удаагийн тариур 2019 онд 53.8 сая ширхэг импортлогдож, 3.3 сая ширхэг борлуулагдсан. Харин энэ онд 42.1 сая ширхэг импортлогдож, 6,1 сая ширхэг үйлдвэрлэгдсэн бол 2021 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 53.2 сая ширхэг тариур импортлогдож, 7.3 сая ширхэг тариур үйлдвэрлэсэн байна.

Хил дээр ачаа удаан хугацаагаар саатах, хэрэгцээ ихэссэнээс болж захиалга удаашрах, үйлдвэрлэгч үнээ нэмэх, зарим орны экспортод хориг тавих, эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан төлбөрөө хугацаанд төлөхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд тасалдаж байгаа.

 П.Сүрэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж