Хонгконгод өмнө нь зэрлэг бодон гахайнууд метрогоор зорчиж, явган хүний замаар чөлөөтэй сэлгүүцэн, хотын оршин суугчид тэдэнд хоол өгдөг байв. Гэтэл олон хавар нэгэндээ гэхчилэн тэдний энэ эрх дарх хэрээс хэтэрчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт зэрлэг бодон цагдаагийн ажилтныг хазсан хэрэг гарчээ. Улмаар Хонгконгод зэрлэг гахай агнах кампанит ажлыг албаныхан эхлүүлжээ. Тухайлбал, Лхагва гаригийн орой Хонгконгийн төвийн хэсгээр хагас цагаас гарангийн хугацаанд анчид эргүүл хийж, нийт долоон зэрлэг гахайг устгажээ.
Эдгээр амьтныг “арай хүмүүнлэг аргаар” устгахын тулд буудахын оронд тарилга ашиглах шийдвэр гаргажээ. Өмнө нь зэрлэг амьтдыг барьж, хол газарт нүүлгэн суурьшуулдаг байв.
Хонгконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур, байгаль орчны албанаас урьд нь хэрэгжүүлдэг байсан аргууд зэрлэг гахайн уршигт үйлдлүүдийг хянахад үр дүнтэй байж чадаагүй гэж үзжээ. Зэрлэг бодон гахайн дайралтаас болж гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр, амьтад хоол хүнс хайн хот суурин газар луу орж ирэх нь ч олширсон аж. Амьтад хүний биед хор хөнөөл учруулж, халдварт өвчин тээж байж болзошгүй гэдгийг эрх мэдэлтнүүд анхааруулсаар ирсэн ч иргэд зэрлэг бодон гахайтай тааралдахдаа харин ч баяртай байх нь ажиглагддаг байна.
Тухайлбал, Хонгконгийн бизнесийн дүүрэгт байрлах Хятадын банкны ойролцоо дөрвөн зэрлэг бодон усан оргилуурын усанд орсон. Үүгээр зогсохгүй тэд Хонгконгийн өөр бусад газруудаар ч хөлхөлдөж яваа харагдсан байна. Харин зэрлэг гахай цагдаагийн ажилтныг унагааж, хөлнөөс нь хазсанаар сая хотын амьтан агнуурын тухай бодлогод өөрчлөлт орсон нь энэ. Дараа нь тэрхүү бодон гахайг орон сууцны машины зогсоолоос олж агнажээ.
Хонгконгийн удирдагч Кэрри Ким зэрлэг бодон гахайг хооллосон хэнд ч хатуу ял шийтгэл оногдуулна гэж мэдэгдсэн байна. Засгийн газрын судалгаанаас харахад, хотод 3000 орчим зэрлэг бодон гахай байгаа бөгөөд бүгд дархан цаазтай төрөл зүйл биш гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ