Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр зарим нэг спорт холбоодын ерөнхийлөгч нар Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ы санхүүжилт, санхүүгийн тайлантай холбоотой мэдээлэл түгээсэн. Магадгүй олимпийн хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учир ийм мэдээ гаргалаа гэж хардах хүмүүс ч байна. Ямартай ч дээрх асуудалтай холбогдуулан олимпийн хорооноос тайлбар авлаа.
Монголын үндэсний олимпийн хороо 2017-2020 оны хооронд 1 сая 249 мянган ам. долларын дэмжлэг "Эв нэгдлийн сан"-аас авсан аж. МҮОХ-ны ерөнхий нягтлан бодогч Д.Наранцацрал энэ талаар тайлбарлахдаа “Эв нэгдлийн сангийн тайлан нь олон нийтэд нээлттэй, хүн бүр танилцаж болно. Манайд ирсэн санхүүгийн дэмжлэг 2017 оноос хойш захиргаа, аж ахуй, тамирчдын тэтгэлэг гээд олон зүйлд зарцуулагдсан. Хүмүүсийн дунд нэг жилийн хугацаанд л энэ их мөнгө ороод ирчихсэн юм шиг ташаа ойлголт байна. 1 сая 249 мянган ам. доллар бол дөрвөн жилийн хугацаанд шат дараалалтай орж ирсэн дэмжлэгийн нэгдсэн дүн юм шүү дээ” гэв.
Мөн олимпийн хорооны санхүүгийн тайлан хаалттай, ил тод бус гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Тэгвэл МҮОХ-ны Хянан шалгах зөвлөл, хөндлөнгийн аудитаас жил бүр дүрмийн дагуу хяналт шалгалт хийн, МҮОХ-ны гишүүдийн хуралд танилцуулдгаас гадна хоёр жил тутам олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэшсэн “PWC” буюу “PricewaterhouseCoopers” аудитын компаниас шалгалт ордог гэнэ.
Өнгөрөгч 2020 онд Монголын үндэсний аудитын газраас тус хороонд шалгалт орж, 2012-2019 он хүртэлх бүхий л бичиг баримт, материалд аудит хийжээ. Д.Наранцацрал цааш ярихдаа “Хянан шалгах зөвлөл сонгуулиар сонгогдож, жил бүр бичиг хэрэг, санхүү аудитын шалгалт хийдэг. Үүнийгээ гишүүдийн хурал дээр тайлагнаж, алдаа дутагдал байвал засах чиглэл өгдөг. Дэлхийн дөрвөн том аудитын байгууллагын нэг “PWC” хоёр жил тутам шалгалт оруулж, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг шалгадаг. Тиймээс бидэнд нууц хаагаад байх зүйл байхгүй.Өнгөрсөн онд үндэсний аудитын газраас ч шалгалт орж, манай баримт бүрийг нэг бүрчлэн үзэхэд санхүүтэй холбоотой айхтар асуудал гараагүй. Харин зөвлөмж гарган, сайжруулах зүйлс байгааг дурдсан” гэлээ.
Санхүү мөнгөтэй холбоотой бас нэгэн асуудал байгаа нь тамирчдын тэтгэмж. Олон улсын олимпийн хорооноос улс орон бүрийн тамирчдыг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж. Тус хороонд бүртгэлтэй 206 орны олимпийн төрлийн ганцаарчилсан спортоор хичээллэж буй, олимпийн эрх авах чадвартай нь олон улсад гаргасан амжилтаар баталгаажсан, спортын ёс зүй, допингийн зөрчилгүй тамирчин бүр энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой гэнэ.
Энэхүү тэтгэлэгт хамрагдсан зуны олимпийн тамирчин сар бүр 415 ам.доллар, өвлийн олимпийн тамирчин 750 ам.доллар хүртдэг.
Олимпийн хорооноос өгсөн тайлбарт “Олон улсын олимпийн хорооноос тэтгэлэг зарлагдвал бид спорт холбооддоо нээлттэй, албан бичгээр мэдээллэдэг. Ингээд холбоод маань дотооддоо хуралдан шаардлага хангах тамирчдынхаа мэдээлэл, амжилт, баримт бичгийг хавсаргаад явуулдаг. Үүний дараа бид Эв санааны нэгдэлд хүргүүлнэ. Тус нэгдэл нь давхар олон улсын спорт холбоодоос нь тухайн тамирчны мэдээллийг авч, амжилт үзүүлсэн, олимпийн эрх авах боломжтой эсэхийг нь баталгаажуулдаг. Ингээд сонгон шалгаруулалт дууссаны дараа олон улсын олимпийн хорооноос “Танай энэ спортын энэ тамирчин тэтгэлэгт тэнцлээ” гэсэн хариуг ирүүлдэг” гэлээ.
Олон улсын олимпийн хорооноос гэрээ явуулдаг бөгөөд энэхүү гэрээнд тэтгэлэгийн мөнгөн дүн, үргэлжлэх хугацаа, тайлан мэдээлэл явуулах хугацаа зэргийг нь нарийн зааж өгдөг гэнэ. Тамирчин, спортын холбоо, МҮОХ гурав гэрээтэй танилцаж, гарын үсэг зуран гэрээг баталгаажуулдаг аж. Санхүүжилт нь дөрвөн сараар ордог учир дөрвөн сар тутам тэтгэлэгийн тайлангаа тамирчин, холбоо, хороо гурав баталгаажуулж олон улсын олимпийн хороонд хүргүүлдэг тухай албаны хүн ярилаа.
Дашрамд дурдахад, МҮОХ-ны ээлжит чуулган хойшлогдож, үүний оронд арванхоёрдугаар сарын 20-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг зарлажээ.
Холбоотой мэдээ